ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУД: Хариуцлагатай байж маскаа зүүгээрэй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 14

Норвегийн Засгийн газар иргэдээ аль болохоор гэртээ байж, гараа антибактерийн уусмалаар тогтмол угааж, цэвэрлэж, мөн хүн хоорондын зайг хоёр метрт барьж явахыг хатуу анхааруулж байгаа. Нийтийн тээвэрт суух хүмүүсийн тоо хазгаартай, амны хаалт, маск зүүхийг зөвлөж байна. Энэ тахлын халдвараас сэргийлэх нь хувь хүний хариуцлага, үнэнч шударга байдалтай холоотой гэж байна. Энэ долоо хоногийн эхээр Норвегийн Засгийн газар дахин 17.7 тэрбум (миллиард) крон буюу хоёр тэрбум ам.долларыг нэмж зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хөрөнгө мөнгө нь төрийн болоод хувийн секторт ажиллаж буй одоо гэртээ ажлаа гүйцэтгэж буй хүмүүсийн цалин болон очно.

 Иргэд хувийн хариуцлагаа өндөрсгөж байгаа. Орсон гарсан газар бүрдээ гараа ариутгах нь заншил болоод байна. Олон нийтийн арга хэмжээнд хүмүүс оролцохоо больсон. Гэртээ хүртэл урих хүмүүсийн тоо хязгаарлагдмал болсон. Зул сарын баяр, шинэ жилээ олуулаа нийлж баярлахгүй журам гарсныг бүгд дагаж мөрдөж байна. Аль болохоор онц шаардлагагүй бол гадаад улс руу зорчихгүй байх Засгийн газрынхаа саналыг иргэд дэмжиж байгаа.

Монголчууддаа хандаж хэлэхэд КОВИД-19 тахлаас сэргийлэх нь хувь хүний хариуцлага, үнэнч шударга байдлын илэрхийлэл болж байна. Халдварын шинж тэмдэг илэрвэл бушуухан л очиж шинжилгээ өг! Манайд халдвар авсан хүмүүсээ ил тод зарлаад нийтээрээ үзэн ядаж, хараагаад байгаа болохоор халдвар бүр нууц байдалд орох эрсдэлтэй. Тиймээс хувь хүний нууцлалыг хадгалах дээр хатуу анхаарах хэрэгтэй. Монголчууд бид хөдөөтэй байдаг онцлогтой ард түмэн. Хотод хоригдож байхаар хөдөө явах, орон нутагт тодорхой хаяган дээр очих хүмүүсээ  чөлөөтэй явуулах хэрэгтэй. Зам явахыг баталгаажуулахын тулд багахан хураамж авч болно. Зөрчвөл захиргааны хариуцлага хүлээлгэнэ гээд зарчим гаргачихад болно. Монгол хүн эрүүл агаартаа малынхаа дэргэд л эрүүл байна гэдгийг тооцоолох хэрэгтэй мэт санагдаж байна.

Э.Оюун: Улаанбаатараас хөдөө, орон нутаг руу халдвар тараагдах эрсдэлийг сайн тооцоосой (Энэтхэг, Тривандрум)

-Манай энд нөхцөл байдал хүндэвтэр байна. Урьд нь 24 цагт Ковидын 100 мянган тохиолдол илэрдэг байсан бол одоо 50 мянга болж буурч байгаа. Миний амьдарч байгаа Керала муж голомт байсан учир мужийн захиргаанаас хатуу арга хэмжээнүүд авсан. Гурван ч удаа бүрэн хөл хорио тогтоосон. Хорио тогтоосноос хойш долоон сар болж байна. Одоохондоо хагас хөл хориотой байгаа. 19:00 цагаас хойш бүх дэлгүүр, буудал хаалттай байна. Төрийн болон их сургууль бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Бусад шатны сургуулиуд нээгдээгүй.  Агааржуулагч ажиллуулдаг ихэнх газар одоо болтол хаалттай байгаа.

БНЭУ-ын Засгийн газраас 22 мужийн Засаг даргатай онлайн уулзалт хийж, муж тус бүрийн онцлогт тохируулан арга хэмжээ авдаг. Олон нийтийг мэдээллээр байнга хангаж байсан. Нөхцөл байдлыг урьдын хэвэнд оруулахаар их хичээж байна. Энэтхэгийн ихэнх муж манай Керала мужийн гамшгийн үеийн эрсдэлийн загварчлалаар ажиллаж байсан. Энэ нь бүрэн хөл хорьж, зөвхөн дэлгүүр, аптек, банк нээлттэй байх юм. Мөн Энэтхэг гадаад оюутнаа хөөж туугаагүй, аль болох тусалж дэмжиж байгаад туйлын талархууштай.

Манай мужийн иргэд туйлын сонор сэрэмжтэй байж, мужийн захиргаанаас гаргасан бүх журам, зааврыг дагаж байсан болохоор ямар нэг асуудал гараагүй.

Монголчууддаа хандаж хэлэхэд их тайван байж, онлайн хүргэлтийн үйлчилгээ авч байгаарай. Олон хүнтэй битүү орчинд байхаас зайлсхий. Маскаа зүүж орчин тойрноо ариутга. Ковидоос сэргийлэхийн тулд ганц бие хүмүүс, эмзэг бүлгийнхэнд анхаарал тавьж, хоол ундаар хангах, улирлын ажилчдыг албадан нэг газарт амьдруулах гээд олон арга бий. Энд нэг тайлбар хийхэд, Энэтхэгт өөр мужаас ирсэн ажилчид хөл хорионы үед их хохирсон юм. Маш олноороо олон км алхаж ирж, халдвар их тархаасан. Тэдэнтэй хүний ёсноос гадуур харьцсан дуулиан шуугиан ч гарсан. Тиймээс Улаанбаатарт ажиллаж байсан хөдөө орон нутгийн хүмүүс нутагтаа хариад халдвар тараах эрсдэлтэй тул улирлын ажилчдыг албадан нэг газарт амьдруулах аргыг зориуд дурдлаа.

Б.Ичинхорлоо: Маскаа сайн зүүгээд, хамгийн чухал нь сэтгэл санаагаа тайван байлгаарай (Энэтхэг, Майсор)

-Миний амьдарч байгаа хотод сургууль, коллежоос бусад газрууд хэвийн ажиллаж байгаа. Анх коронавирус дэлгэрч байхад бүх үйл ажиллагаа зогссон. Гурван сар хатуу хөл хорионы дэглэмд байсан. Дэлгүүр орох болгонд халуун үзэж, гар ариутгагч өгч байгаа. Засгийн газраас эхэндээ маш хатуу хөл хорио тогтоосон боловч сүүлдээ эдийн засгийн уналтад орж бүх зүйлээ аажмаар нээсэн. Хүн ам олонтой улс учраас бүрэн хянахад маш хэцүү. Гэхдээ чадлынхаа хэмжээд маш сайн ажиллаж байгаа гэж бодож байна.

Иргэдийн хувьд 50-60 хувь нь маск зүүдэг. Үлдсэн хувь нь зүүдэггүй. Энд байдаг гадаад хүмүүс маскаа маш сайн зүүдэг. Гадаадуудыг ялангуяа азиудыг “корона” гэх мэтээр дууддаг. Нэг удаагийн маск 400 төгрөгийн үнэтэй байгаа.

Монголчууддаа хандаж хэлэхэд маскаа сайн зүүгээд, хамгийн чухал нь сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Халуун аарц, ус, цай сайн уугаарай. Халуун зүйлд тэсвэргүй вирус шүү дээ. Гадагш аль болох гарахгүй байгаарай. Шаардлагатай гарах тохиолдолд заавал нэг удаагийн бээлий хэрэглэж, өөртөө үргэлж гар ариутгагч авч яваарай. Шингэн витамин сайн хэрэглэж, гараа маш сайн угааж, сайн унтаж амраарай. Эдгээр зөвлөгөөг өдөр тутам, цаг тутамд хэвшил болгож, дор бүрнээ хариуцлагатай байцгаая.

Б.Нямаа: Гадуур аль болох бага гарч, хаана, хэнтэй уулзснаа тэмдэглэж байгаарай  (БНСУ, Сөүл)

-Өмнөд Солонгост коронавирус үе, үе алдагдаж байгаа ч тэр дор нь илрүүлж, хяналтандаа авч чадаж байгаа. Өдөр бүр утсанд анхааруулах мессеж ирдэг. Жишээ нь, тэр дүүргийн тэр хороо, эсвэл тэр дэлгүүрт Ковид илэрсэн тул тэр газруудаар явахдаа анхааралтай байгаарай гэх мэтээр анхааруулга ирдэг. Маск маш хямдхан, үйлдвэрлэл нь ихэссэн. Иргэд бүгд ухамсартайгаар маскаа зүүж, зөв хэрэглэдэг, өдөрт 2-3 удаа маскаа сольдог. Гар ариутгагч автобус, буудал, такси, лифтэнд гээд хаа сайгүй өлгөөтэй байж байдаг. Засгийн газраас тоглоомны газар, караоке гэх мэтийг хаасан.

Монголчууддаа хандаж хэлэхэд гадуур аль болох бага гарч, хаана, хэнтэй уулзснаа тэмдэглэж байх хэрэгтэй. Мэдээж маск, бээлийг зөв хэрэглээрэй. Монголд Ковид туссан иргэний болон гэр бүлийн хүмүүсийн нэр, регистр, зурагтайгаа фэйсбүүкээр явж байх юм. Ингэж хүний эрхэнд халдаж ёстой болохгүй. Солонгост бол нууцлалтай бас мэдээж тандалт судалгаагаа сайн хийдэг санагдсан. Газрын зургаар илрүүлэх систем сайн хөгжсөн болохоор бараг утсыг нь шалгаад л хаагуур явсныг нь илрүүлчихдэг юм шиг байна лээ.

Л.Мөнхзаяа: Гэртээ л байвал аюулгүй (АНУ, Пенсильваниа)

-Хэвлэл мэдээллээр үхлийн тоо, өвдөж байгаа хүний тоо хэр хэмжээнээс давлаа гэж зарласаар л байгаа. Гэхдээ хүмүүс гуравдугаар сараас хойш энэ нөхцөл байдалдаа дасан зохицож амьдарч байна. Маскны хэрэглээг амьдралдаа хэвшүүлж, маскгүй хүн харагдахаа байсан. Гадуур кофе шоп, ганц нэг жижиг дэлгүүр хааяа хаагдсан харагддаг. Яасан юм бол гэхээр ажилтан нь Ковид тусаад, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа гэж зар тавьсан ч юм уу эсвэл амнаас ам дамжиж яригддаг.

Д.Трамп олигтой ажил хийхгүй, өөрөө ч маск олигтой зүүхгүй дагагч, дэмжигчдэдээ муу үлгэр дуурайл үзүүлж байсан. “Одоо өөр болох байлгүй” гэж хүн бүр найдаж байна. Ковид эхэлж байхад Засгийн газраас нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгосон. Зарим хотуудад автобус унаа үнэгүй, хүнсний талон үнэгүй тарааж байгаа сураг байсан. Муж бүр өөрийн хуультай болохоор өөр өөр арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа байх.

Америк асар том, хүмүүсийн амьдралын хэв маяг, хаанаас ирсэн, хаана амьдарч байгаагаас хамаараад тэс ондоо. Тэр гэхийн тэмдэг алга. Манай гэр бүлийн хувьд том хотын захад, олон хүнгүй, тайван газар суурьшдаг. Энд хүмүүсийн амьдралын хэв маяг тайван. Хүүхдээ тэргэнд түрээд, хөршүүдийн хажуугаар өнгөрөхөөр бүгд л гэрээсээ ажил хийж байгаа юм шиг харагддаг. Зарим хүн гэрийнхээ гадна нэгнийхээ үсийг засаад сууж байхтай ч таарсан. Замын түгжрээ бараг байхгүй болсон. Аав ээж нь ажил хийхээс өөр аргагүй болохоор хүүхэд харах үйлчилгээтэй гэр цэцэрлэгүүд хэвийн ажиллаж байгаа. Сургуулиуд янз бүр. Эцэг, эх нь хүүхдээ сургуульд явуулах, явуулахгүйг сонгодог байх үед бүрэн онлайн, зарим нь тодорхой хоёр өдөр орох гэх мэтээр янз бүрийн зохицуулалттай явж байна.

Сошиалаар харж байхад өвчинд хэт хөөрүү хандаад байна уу л гэж харагддаг. Гараа байнга угаагаад, гэрээ цэвэрлээд, амин дэмтэй шөл устай хоол хүнс хэрэглээд аль болох олон нийт дунд орохгүй байвал эрсдэл бага. Манайх машиндаа ариутгалын бодисын цуглуулгатай болсон. Гадны юманд хүрэх тоолондоо гараа ариутгадаг. Гаднаас орж ирж байгаа хүнс барааны уут савыг арчиж оруулж ирдэг. Хаалганы бариулуудаа байнга ариутгалын бодистой усаар арчдаг. Гарч орох болгондоо л хувцас хунараа сольж угаадаг. Иймэрхүү  хэвшил, зуршлууд тогтоод удлаа. Гадуур гарахаараа хэд хоног биеэ чагнаж сэтгэл зүйгээр унах тал бас ажиглагдсан. Ер нь гэртээ л байвал аюулгүй дээ.

Х.Ариунтарина: Айл хэсэхгүй байж, хүүхэд үнсэж болохгүй шүү (Турк, Истамбул)

-Турк улсад нөхцөл байдал хүнд, өвчлөл их байгаа. Халдвар авч байгаа хүний тоо огт буухгүй, өдрөөс өдөрт ихсээд л байна. Засгийн газар нь бага насны болон хөгшин настай хүмүүсийг гэрээс гарахыг түр хориглосон. Иргэд нь дор бүрнээ маскаа зүүгээд мөн гар ариутгагчийг маш сайн хэрэглэж байгаа. Одоохондоо үймээн сандраан болоогүй, ажил төрлөө хийгээд хэвийн байна.

Монголчууддаа хандаж хэлэхэд гараа сайн ариутгаарай, маскаа сайн зүүгээрэй. Бас бага насны хүүхдүүдийг нэг хэсэгтээ гэрт нь байлгавал зүгээр шүү. Сэтгэл санаагаа тайван байгаарай. Битгий сандраарай. Айл битгий хэсээрэй, хүүхэд битгий үнсээрэй. Гараа сайн угааж, дархлаагаа дэмжээрэй.

С.Өлзий-Учрал: Энд хүмүүс айж сандралгүй, хамгаалах тал дээрээ анхаарч байна (БНСУ, Бусан)

-Бусан хот харьцангуй тайван байна. “Өдөрт тэдэн хүнээс илэрлээ” гэсэн мэдээ гарч л байдаг. Гэхдээ хөл хорио тогтоогоогүй. Ажил амьдрал хэвийн үргэлжилж байна. Харин ч өвчний ийм цаг үед иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн хэвийн хэмжээнд байлгаж, цаашлаад яаж өргөжүүлэх вэ гэдэг дээр их анхаардаг юм билээ. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрийнхний ажлыг Засгийн газраас нь их дэмждэг юм байна.

Солонгост өнгөрсөн хавраас эхлээд л дэлхийн бусад орны адил Ковидын эсрэг арга хэмжээ авч байгаа. Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээн дээрээ их анхаардаг юм шиг санагдсан. Жишээ нь, амны хаалтны үйлдвэрлэл асар их явагдаж байна. Мөн вирус илрүүлэх тестийг иргэд эмийн сангаас аваад өөрсдийгөө сорьж үзэх жишээтэй. Ер нь бол харьцангуй тайван, өвчнөөс айж сандрахаас илүүтэй халдвар хамгааллын арга хэмжээгээ аваад л амьдралын хэмнэл нь хэвийн байна.

Б.Энхтуяа: Шведэд зай барьж холоос харьцахыг илүүтэй зөвлөж байна (Швед, Стокгольм)

-Манай энд Ковидын тархалт нэмэгдэж, байдал хүндэрч байгаа. Дунджаар 24  цагт 4000 гаруй хүн халдвар авч, хоногт 35-40 хүн нас барж байна. Засгийн газрын зүгээс янз бүрийн хорио, цээр тавиагүй. Сургуулиуд хаагдаагүй. Зарим сургууль зайнаас сургалтаа явуулж байгаа. Харин оройн цагаар юм уу бямба, ням гарагт хичээллэдэг сургалтын төвүүд бүгд хаагдсан. Сургалтын төвүүдийг арваннэгдүгээр сарын сүүлээр нээх эсэх талаар хариу хэлнэ гэсэн. Урьдчилсан байдлаар сургалтын төвүүдийг нээхгүй байх шинжтэй байна. 24 цагаар ажилладаг баар, цэнгээний газруудыг 22 цагаас хойш хааж байгаа.

Маскыг нийтээрээ зүү гэж хэлээгүй. Өнгөрсөн наймдугаар сард “Олон нийтийн унаанд явахдаа маск зүүж болно” гэсэн. Авч байгаа арга хэмжээ гэвэл “Цэвэрхэн бай, гараа угаа, хоорондоо хоёр метрийн зайтай бай, холоос харьцаж бай” гэсэн зөвлөмжүүдийг л өгч байна. Дэлгүүр нээлттэй, олноороо цугларах газрууд бүгд хаагдсан. Уг нь 50-иас цөөн хүн уулзахыг зөвшөөрч байсан. Тэр нь одоо бараг цуцлагдаж байна. Хүмүүс дор бүрнээ хувийн арга хэмжээнүүдээ авч байна. Гараа сайн угааж, спирт түрхэж байна. Мэр сэр хүн маск зүүж л байна.

Монголчууддаа хандаж хэлэхэд болж өгвөл олон хүнтэй уулзаж харьцахгүй, гэр орондоо байж, гар хөлөө угааж, гарын ариун цэврийг сахих хэрэгтэй дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Top