Сэлэнгэ аймагт ГУРВАН ХҮНИЙ шинжилгээнд халдвар илэрчээ

2020 оны 11 сарын 13

Сэлэнгэ аймагт 2020 оны арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнийн шинжилгээгээр гурван хүнд халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Өнөөдөр (2020.11.13) ХӨСҮТ-өөс хариу арга хэмжээний мэргэжлийн баг тухайн аймагт очиж ажиллахаар болжээ. 

Сэлэнгэ аймагт амьдардаг 70 настай эмэгтэйгээс коронавируст халдвар илэрсэн талаар өчигдөр (2020.11.12) Сэлэнгэ аймгийн онцгой комисс болон УОК-оос мэдээлсэн билээ. Тэгвэл тухайн иргэний ойрын хавьтагч болох бэр болон ачаас нь авсан эхний шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон байна. Одоо баталгаажуулах шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хот руу авчраад байна. 

Эхний шинжилгээгээр халдвартай гэж гарсан эмэгтэй (бэр) өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт хоёр хоносон байна. Ингэхдээ найман настай хүүхдээ дагуулан томоохон зах, худалдааны төвүүдээр явснаас гадна хүүхдээ 60 гаруй хүүхэд байсан тоглоомын төвд тоглуулсан гэх мэдээлэл байна. 

Аймгийн онцгой комисс худалдааны төв, гудамж талбайн бүх камерыг шалган, энэ хүний явсан зураглалыг тогтоожээ. Мөн камерын бичлэгт хоёр өдрийн хугацаанд амны хаалт огт зүүгээгүй явсан илэрсэн тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Дархан-Уул болон Сэлэнгэ аймагт иргэдийг гэрээс гарахыг бүрэн хориглосон байгаа. Зөвхөн хүнсний дэлгүүр орох зорилгоор гэрээсээ 200 метрийн радиустай зорчихыг зөвшөөрч байгаа юм. Аймгийн онцгой комисс хөл хориог дахин чангатгахаар төлөвлөж байна.


Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээлэл 

(2020.11.13-ны 11:00 цагийн байдлаар)

Манай улсад батлагдсан тохиолдол 412 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд 90 хүн байгаа ба тэдний хоёрынх нь биеийн байдал хүнд, 12 нь хүндэвтэр, 76 нь хөнгөн байдалтай байна. ХӨСҮТ-д нийтдээ 175 хүн ажиглалт, тандалтад байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 12-нд нийт 1030 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Ингэхэд зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Сэлэнгэ аймагт 12-13-нд шилжих шөнө тус аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Өнөөдөр ХӨСҮТ мэргэжлийн нэг багаа Сэлэнгэ аймаг руу илгээлээ. Нийт хийгдсэн шинжилгээний 501 нь тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээ байсан ба тэдгээрт халдвар илрээгүй. Түүнчлэн ХӨСҮТ-ийн эмч, ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр халдвар илэрсэн.  Ачаа тээврийн жолоочийн буюу Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварт батлагдсан тохиолдол зургаа хэвээр байгаа. Тандалт үргэлжилж байна. Тэдний ойрын болон дам хавьтал болох нийт 3000 орчим хүнийг хяналтдаа авсан, шинжилгээ тандалт хийж байгаа" гэв.

Top