Сэлэнгэ аймагт коронавирусний гурван тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил өнөөдөр /2020.11.13/ мэдээлэл хийлээ.
Сэлэнгэ аймгийн иргэн 70 настай эмэгтэй Ц, түүний бэр болон ач нараас халдвар илрээд байгаа юм.
Засаг дарга Ш.Оргил "Иргэн Ц-гийн бэр болох Д нь Сүхбаатар суманд цэцэрлэгийн багш ажилтай. Тус багшийн ангид хамаарах хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг албан байгууллагаар нь ангилж, тандалт хийж байна" гээд дараах мэдээллийг танилцууллаа.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхийн ажил, албаны байдал:
Аймгийн Онцгой комиссоос бүх хүүхдийн эцэг, эхтэй холбогдож, хүүхдүүдээ гэрийн хорионд байлгаж, биеийн байдлыг хянах зөвлөмж өгсөн байна.
Халдвар илэрсэн багш Д-гийн хүү дунд сургуулийн 5-р ангийн сурагч аж. Хүүгийн ангид 30 хүүхэд сурдаг ба сурагч тус бүрийн ар гэртэй холбогдож, зөвлөмж өгчээ.
Засаг дарга Ш.Оргил мөн "Энэ мэдээллийг хэлэхээс өөр арга байхгүй. Битгий гэрээсээ гараарай. Ээж, хүү хоёрт буруу байхгүй. Өөрсдөө халдвар олж ирээгүй. Бидний л адил ажил хөдөлмөрөө хийж яваад халдвар авсан. Тиймээс иргэд энэ хүмүүсийг сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэй. Битгий муу үг бичээрэй. Хамгийн ноцтой асуудал нь нууц үе юм. Өнөөдөр энэ хүмүүстэй хавьталд орсон хүмүүсийн шинжилгээ сөрөг гарч болно. Тэглээ гээд бид тайвширч болохгүй. Тэр байтугай гурван удаагийн хариу сөрөг гарсан ч 21 хоногийн тусгаарлалтаас гарсан хүнээс халдвар илрээд байна. Иргэн Ц халдвартайгаа мэдэхээс өмнө аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн, өрхийн эмнэлэгт үзүүлсэн. Иймд эмч, сувилагч нарыг ойрын хавьтал гэж үзээд, тандалт хийж байна. Үлдсэн 12 хүн шинжилгээнд орсон. Өнгөрсөн шөнө ойрын хавьтлын 14 хүний хариу сөрөг гарсан. Одоо Сэлэнгэ аймгийн хөдөлгөөнийг 0 зогсолт болгосон байгаа. Бид энэ цаг үеийг хамтдаа давж гарахын тулд иргэд маань бага зэрэг тэвчээр гаргах хэрэгтэй" гэлээ.