Улсын онцгой комисс, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улс өчигдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна.
Тав хоногийн хугацаатай зарласан бэлэн байдал арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цагийн хооронд үргэлжлэх юм.
Шаардлагатай тохиолдолд иргэд болон хязгаарлалтад хамааралгүй албан байгууллагын ажилчид хувийн машинаар ирж очин, замын хөдөлгөөнд оролцох боломж өчигдрийн хувьд нээлттэй байсан ч өнөөдрөөс хатуу хөл хорио тогтоосон хүрээнд шаардлагыг улам чангатган, зөвхөн өглөө, оройн тогтсон цагт нийтийн тээврээр зорчихыг хүлээн зөвшөөрч байна.
Гэтэл хэдийгээр цагийн хязгаарлалтай ч гэлээ нийтийн тээврээр олон хүн зорчих нь илүүтэй эрсдэл дагуулж байна.
Өмнөд Солонгост коронавирусний халдвар идэвхжиж эхлэх үед нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байхыг уриалж, өөрсдийн машинаар ажил, гэрийн хооронд явах нь эрсдэл багатайг анхааруулж байсан. Гэтэл манайд эсрэгээрээ хувийн унаагаар зорчихыг хориглон, зөвхөн нийтийн тээвэрт суух сонголт үлдээж байгаа нь халдварыг тархаахгүй байх зорилго, бодит байдалтай нийцэхгүй байна. Тэгээд ч иргэд нийтийн тээврийн халдваргүйжүүлэлт, аюулгүй байдалд эргэлж байгаа.
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ямартай ч иргэдийг бухимдуулж буй энэ асуудлаар "Иргэн хүний хувийн тээврийн хэрэгсэл, ажиллах байгууллагын жагсаалтад багтаагүй байгууллага, аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулахгүй гэсэн шийдвэрийг өнөөдөр өглөөнөөс хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллаж байна. Гэтэл хувийн машинаар ажилдаа ирдэг очих нь зөв гэсэн асуудал гарч ирж байна. Тиймээс өнөөдөр орой 21:00 цагаас нийслэлийн Онцгой комисс хуралдаж, хувийн машинаар зорчих асуудлыг эргэж харна” гэсэн мэдээллийг өнөөдөр өгсөн тул Нийслэлийн Онцгой комисс автобуснаас өөр сонголтгүй болсон иргэдийн санал, хүсэлтийг хүлээж авна гэдэгт найдаж байна.
ХЯЗГААРЛАЛТАД ХАМААРАХГҮЙ БУЮУ АЖЛАА ХЭВИЙН ЯВУУЛАХ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД