Я.Содбаатар: Сэлэнгийн тохиолдол Улаанбаатарынхтай нэг эх үүсвэртэй байж магадгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 14

Улсын Онцгой комисс (УОК)-оос цаг үеийн асуудлаар өчигдөр орой (2020.11.13) мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.


-Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нөхцөл байдал ямар байна?

-Сэлэнгэ, Дархан-Уул аймгийг өчигдөр шөнөөс хөл хорионы хатуу дэглэмд шилжүүлсэн. Сэлэнгэ аймагт гарсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын шинжилгээнд тандалт, судалгаа хийж байна. Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу эмчилгээний баг илгээсэн байгаа. Нэн яаралтай ажлуудыг хуульд заасны дагуу хэрэгжүүлж байна.

-Сэлэнгэд үүссэн голомт хаанаас үүсэлтэйг тогтоосон уу. Таамаг бий юу?

-Сэлэнгийн тохиолдол Улаанбаатарт гарсан тохиолдолтой нэг эх үүсвэртэй байж магадгүй гэсэн таамаг байна. Вирус тоолоход энэ сарын 6-наас хойш халдвар авсан байх магадлалтайгаараа Улаанбаатар, Сэлэнгийн тохиолдлууд төстэй байна. Гэхдээ яг одоогоор тогтоож чадаагүй.

-Дархан-Уул аймагт халдварын тохиолдол бүртгэгдсэн юм уу?

-Сэлэнгийн тохиолдлын ойрын хавьтал Дархан-Уулаар явсан учраас хатуу дэглэм тогтоосон. Одоогоор ямар нэгэн сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Мөн үүнтэй адил Увс аймаг болон хэд, хэдэн газар (аймагт) ойрын хавьталд байсан 184 хүн зорчсон байдаг. Энэ бүх хүнийг хаана явж байгааг тогтоосон. Бүгдээс нь шинжилгээ авсан. Сөрөг гараад байгаа. Гэхдээ давтан шинжилгээний хариунууд гарах хүртэлх хугацаанд тодорхой хөл хорионд оруулаад байна.

-Нийслэлийн хэмжээнд нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнөөдрийн байдлаар нийтдээ Улаанбаатарт 6000 гаруй албаныхан хэв журмыг сахиулж байна. Ийм хүнд хэцүү үед иргэд та бүхэн нэг цэгээс үнэн бодитой мэдээлэл авах хэрэгтэй байна. Бүх иргэдийг энэ хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ барихыг хүсье. Бид хамтаараа л даван туулна.

-Хүнсний хангамжийн асуудал дээр...?

-Хол хорионы дэглэмийг дагаад хүнс, дулаан, усны хангамжийн хэвийн байдлыг хангах ажил дээр гол анхаарлаа хандуулсаар байгаа. Хүнсний хангамж хэвийн. ШӨХТГ, МХЕГ зэрэг газрын албаны байцаагч нар тасралтгүй хяналт тавин ажиллаж байгаа.

-Цар тахлын энэ үед албан байгууллага хувь хүмүүсийн ажил зогслоо. Банк санхүү, зээл, түрээсийн асуудал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Банкны асуудал дээр одоогоор судалж байна. Тодорхой шийдвэр гараагүй байгаа. Одоо бид нэн түрүүнд вирусийн тархвар дээр л хяналт тогтоохыг хичээж байна.

-Тусгай үүргийн нислэгүүдийг цуцлаад байгаа. Хэзээ хэвийн явуулж эхлэх вэ?

-Тусгай үүргийн онгоцыг тодорхойгүй хугацаагаар цуцалсан. Дотоодын асуудлаа бүрэн шийдсэний дараа энэ асуудлыг ярилцана. Харин ачаа тээврийн онгоцыг тусгай дэглэм, хуваарийн дагуу явуулна.

-Өнөөдөр 2021 оны Улсын төсвийг баталлаа. Коронавирустэй тэмцэх УОК-ын зардлыг боломжийн хэмжээнд батлуулж чадсан уу?

-Монгол Улсын хэмжээнд цар тахалтай тэмцэх тогтоолын төслийг өнгөрөгч гуравдугаар сард баталсан. Төсөв батлахад зардлыг танаагүй нэмэгдүүлсэн байдлаар УИХ баталж өгсөн. Тооцоолж байснаас илүү давагдашгүй хүчин зүйл гарвал зардлыг нэмэх шаардлага гарч магадгүй. Ямар хор хохирол учрахыг өнөөдөр хэлж мэдэхгүй.

-Хүнсний талоныг маргаашнаас яаралтай иргэдэд хүргэнэ гэлээ. Энэ талон яг зорилтот бүлгийн эзэддээ очиж чадах уу. Ямар хяналт тавьж байгаа вэ?

-Хүнсний талон авч байгаа 100 гаруй мянган иргэн байгаа. Тэдгээр өрхүүддээ маргаашнаас талоныг яаралтай хүргүүлнэ. Ялангуяа хатуу дэгдэм тогтоосон бүсүүдэд онцгой анхаарна. Мэдээж тооцоо судалгаан дээр үндэслээд иргэдэд очиж байгаа.

-“Энхсаран” сувилал дээр халдвар хамгааллын горим алдагдсан уу. Шалгаж тогтоосон зүйл байгаа юу?

-Халдвар алдагдсан уу гэвэл алдагдсан. Өнөөдөр бид хүнд нөхцөлд байна. Хэн нэгэнд хариуцлага хүлээлгэх цаг олдох байх. Гэхдээ одоо энийг ярих цаг биш гэж бодож байна. Тэнд байгаа хүмүүс 10 сар эхнэр, хүүхдээсээ хол, харуул хамгаалалтад ажиллаж байна. Мэдээж хувь хүний халдвар хамгааллын дэглэм алдагдсан. Байгууллагатай холбоотой ч зүйл байна. Яг энэ асуудлуудыг эв нэгдэлтэй, бие биенээ дэмжиж байж ард нь гарна.

-Голомтод ажиллаж байгаа хүмүүст урамшуулал олгоно гэсэн үү?

-Голомтод ажиллаж байгаа хүмүүсийг урамшуулах арга хэмжээг маргаашийн Засгийн газрын хуралдаанд оруулах гэж байна. Бэлтгэл хангагдсан.

-Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл өнөөдөр хуралдсан юм уу?

-Үгүй. Уржигдар хуралдсан.

-Мах тээвэрлэлтийн асуудлыг хэрхэн зохицуулж байна?

-Мах тээвэрлэлтийг хэвийн явуулах дээр тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Ингэхдээ мах ачихдаа тухайн сумынхаа мал эмнэлгээс гарал үүслийн бичиг аваад ирвэл нийслэл рүү нэвтрүүлж байна. Ер нь бол өндөгний асуудал хүнд байна. Оросоос 50 хувийг нь нийлүүлдэг болохоор шүү дээ. Гэхдээ гол нэрийн бүтээгдэхүүний хомсдол гарахгүй, цаашид тогтвортой хэмжээнд бариад явна.

 

Top