Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.14/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Өнгөрсөн хоногт нийт 840 иргэнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс гурван хүнд халдвар илэрчээ. Тодруулбал, ХӨСҮТ-ийн хоёр эмч болон тусгаарлагдсан дөрвөн настай хүүхдээс коронавирусний халдвар илэрсэн талаар мэдээллээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт 820 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс гурван хүнээс халдвар илэрсэн. Харин 817 хүний шинжилгээнээс коронавирусний халдвал илрээгүй. Энэ сарын 2-ны өдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн 121 иргэний давтан шинжилгээ, тусгаарлах байранд байгаа гурван хүн болон тандалтын зорилгоор хийсэн 20 хүний шинжилгээ, 45 эмч, ажилтны шинжилгээнээс халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа хоёр эмчийн шинжилгээнээс халдвар илэрсэн. Нийслэлд бүртгэгдээд байгаа голомтын шинжилгээ буюу батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 140 хүний шинжилгээнээс нэг хүнээс халдвар илэрсэн. Энэ бол дөрвөн настай хүүхэд байна. Хоёрдагч хавьтал болох 2775 хүнийг илрүүлж, 645 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна" гэж ярилаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 416 боллоо. Үүнээс эдгэрсэн 328 байна. Харин ХӨСҮТ-өөс өнөөдөр 11 хүн эдгэрч, ажиглалтын байр руу шилжлээ. Нийт 83 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаа аж.