УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр Шуурхай штабын үйл ажиллагааны мэдээллийг өглөө.
Тэрбээр, Сүүлийн хоёр өдөрт 259 иргэн тусгаарлалтын байрнаас гарч гэрийн ажиглалтад шилжсэн. Гэрийн ажиглалтад шилжсэн хүмүүсийг гарын үсэг зуруулж баталгаажуулан гаргаж, алба хаагчид хаягийн дагуу очиж хяналт тавьсан.
Шуурхай штабт 1300 орчим дуудлага, гомдол мэдээлэл ирж байгааг холбогдох байгууллага, удирдлагуудад нь уламжлан хариу өгч ажиллаж байна.
Халдвар илэрсэн иргэний ойрын хавьтлын 215 иргэнийг одоогийн байдлаар нийслэлийн гурван цэгт тусгаарлан ажиглах байранд шилжүүлээд байна. Цаашид Тусгаарлан ажиглах байрны үйл ажиллагааг өргөжүүлэх нэмэлт тооцоолол гаргаад ажиллаж байна.
Мөн дам хавьтлын иргэдээс шинжилгээ авах 11 цэгүүдийг цаашид нэмэгдүүлэхээр судалж байна.
Шат, шатны Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд жижүүрлэн ажиллаж байна. Хөдөлгөөний хязгаарлалтын үйл ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас 229, дотоодын цэргийн 2628, мэргэжлийн хяналтын байгууллагын 308, Дотоод хэргийн их сургуулийн 100, нийт 5167 алба хаагч 263 техник хэрэгсэлтэй хяналт тавин ажиллаж байна.