Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш Монголбанкнаас дөрвөн чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Тухайлбал: Бодлого, зохицуулалтын чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ гэдэгт дараах хариултыг өгч байна.
Зээлийн хуваарьт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар тодруулга, мэдээлэл өгөхөд зээлийн эргэн төлөлтийг банкуудтайгаа тохироод хойшлуулах зохицуулалт энэ оныг дуустал үргэлжилж байгаа болно.
Иймд Ковид-19 цар тахлаас үүдэн орлого, үйл ажиллагаанд хүндрэл үүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хандан зээлдээ бүтцийн өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байгаа болно.
Харин тухайн арга хэмжээг ирэх онд үргэлжлүүлэх эсэхийг цар тахлын дэгдэлтийн хугацаа, түүний санхүүгийн салбар, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан шийдвэрлэнэ.
Үүнээс гадна Монголбанкны зүгээс банкуудад олгож буй дээрх зохицуулалт, хөнгөлөлтийн арга хэмжээ нь иргэд, аж ахуйн нэгжид бүрэн шилжихэд гарч буй саад, тотгорыг бууруулах боломжийн талаарх холбогдох тооцоо, судалгаа хийгдэж байна.
Нөхцөл байдал одоогийн байдлаас хүндэрч, эдийн засаг, санхүүгийн салбарт ноцтой хүндрэл бий болох дохио гарах тохиолдолд Монголбанк ээлжит шат дараатай бодлогын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх болно.
Монголбанкны зүгээс бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхээс аль болох зайлсхийж, гарцаагүй тохиолдолд АТМ машин ашиглах, банкны салбар, нэгжээр үйлчлүүлэх бол хорио цээрийн дэглэмийг чанд баримтлан, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж, хоорондын зайг барьж, бөөгнөрөл дараалал үүсгэхгүй байх зөвлөмж гарган мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэж байна. Түүнчлэн энэ чиглэлээр банкууд ч идэвхитэй хамтран ажиллаж байгаа болно гэв.