Өнөөдөр (2020.11.15) Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдуулж, УОК-ын шийдвэрийг дүгнэн хэлэлцэж, Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгаж, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлийг тус тус гаргасан.
Хурлын дараа Ерөнхий сайд Засгийн гишүүд, төрийн захиргааны байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах албан даалгаврыг өглөө.
Албан даалгаврыг өгөх явцдаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ "Нөхцөл байдал хяналтаас гарчихаагүй байна. Иймд дээрхи хугацаанд халдварын тархалтыг хяналтдаа авах ёстой. Халдвар бүртгэгдсэн газруудыг сайтар ариутгаж, хатуу хамгаалалтад авч, хүн нэвтрүүлэхгүй байх, хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжид анхаарах хэрэгтэй. Ард иргэд хуулиа хэрэгжүүлж, гараа угааж, хоорондын зай барих, онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх мэргэжлийнхний зөвлөмжийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн сайн вакцин бол Сахилга бат хариуцлага шүү" гэв.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс