Жолооч Д-гийн ойр, дам хавьтлын 400 гаруй хүнээс ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Монгол Улс коронавирусний халдварыг дотооддоо алдаж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Учир нь, "Алтанбулаг" боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч Д нь "Энхсаран" сувилалд 21 хоног тусгаарлагдаж гарсныхаа дараа халдвартай болох нь тогтоогдсон байдаг.

Өнөөдрийн байдлаар жолооч Д болон эхнэр, дөрвөн настай хүүхэд, ээж болон дүү, дүүгийнх нь найзаас халдвар илэрсэн. Түүнчлэн ахынх нь эхнэр, хүүхэд халдвартай болох нь тогтоогдсон. Тэд бүгд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн хоногт халдвар авсан нь тогтоогдсон жолооч Д-гийн ойрын хавьтлын 107, хоёрдагч хавьтлын 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй талаар Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая мэдээллээ.  Харин гурван хүнээс халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны тасгийн дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр "Өнгөрсөн хоногт нийт 1818 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс халдвар илэрсэн. Харин 1815 хүнд халдвар илрээгүй. Тодруулбал, аравдугаар сарын 16-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Мөн "Энхсаран" сувиллын үйлчлэгчээс халдвар илэрлээ. Сэлэнгэ аймгийн хавьтлын шинжилгээнд нэг халдвар илэрсэн. Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдэж байна" гэж ярилаа. 

Top