ХЭНТИЙ: Түргэвчилсэн оношлуураар гурван хүний шинжилгээ ЭЕРЭГ гарчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Хэнтий аймгийн Онцгой комисс өнөөдөр /2020.11.16/ хуралдаж, мэдээлэл өгсөн.

Энэ үеэр тус аймгийн Шуурхай штабын дарга Ц.Идэрбат "Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос ирсэн хүмүүсээс коронавирусний халдварын шинжилгээ авахад эерэг гарлаа. Энэ хүмүүс нь энэ сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар ирсэн. Аймгийн урд талын ШТС-аар үйлчлүүлж, Хэнтий аймгаас 70 км зайтай гэртээ байна гэх мэдээлэл байна. Шинжилгээ авсан, хоёр хүнээс эерэг гарсан. Үүнээс болж Хэнтий аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хаахаар боллоо. Томоохон зах, худалдааны төвийг бүрэн хаахаар шийдвэрлэж байна" гэж ярьсан билээ. 

Тэгвэл дээрх мэдээллийг Эрүүл мэндийн яамны 17:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр тус яамны Хандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа үгүйсгэлээ.

Тэрбээр "Бид хот болон орон нутагт тандалтын шинжилгээг хийж байгаа. Хэнтий аймагт хийж байгаа тандалтын шинжилгээнээс гурав нь эерэг гарсан боловч  коронавирусний батлагдсан тохиолдол болохгүй. Уг шинжилгээг үргэлжлүүлэн PCR шинжилгээг хийнэ. Харьяаллын дагуу Дорнод аймагт хүргүүлсэн. Шинжилгээний хариу эцэслэн гарахаар мэдэгдэнэ" гэж онцоллоо. 

Top