"Тестээр эерэг гарсан бүхэн коронавирустай гэсэн үг биш"

2020 оны 11 сарын 16

ЭМЯ-ны 17:00 цагийн ээлжит мэдэээлэл дээр Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар батлагдсан тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэлд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбар өглөө.


Тэрбээр "Манай улсад эрүүл мэндийн байгууллагууд аймаг, хотын бүх нэгжүүд дээрээ хүн амын дунд коронавирус халдварын тархалтыг хайх зорилгоор түргэвчилсэн тестээр тандалтын шинжилгээнүүдийг хийж байгаа. Хэнтий аймагт хийж байгаа тандалтын сорьцнуудаас гуравт нь урьдчилсан байдлаар тест нь эерэг гарсан боловч тест эерэг гарсан бүхэн коронавируст халдварын батлагдсан тохиолдол болохгүй. Уг шинжилгээг үргэлжлүүлэн PCR шинжилгээ хийж байж эцсийн хариу гардаг. Тийм учраас гурван иргэнийг тусгаарлаад PCR шинжилгээнийх нь сорьцыг харьяаллын дагуу Дорнод аймгийн вирус судлалын салбар лабораторид хүргүүлсэн. Шинжилгээний хариу гарахаар ард иргэдэд мэдээлнэ. Одоогоор батлагдсан тохиолдол Хэнтий аймагт бүртгэгдээгүй." гэв.

Top