Ковид-19-ийн халдвар хүн амын дунд голомтлон тархсан тохиолдолд эмнэлгүүдийн орны нөөц бэлэн байдал тун чухал. Эхний ээлжид Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, яармагийн төрөх эмнэлэгт нийт 1400 орчим орыг бэлдээд байна.
Монгол Улсын Засгийн газар, эрүүл мэндийн яам үндсэн 2 чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. 1-рт тархалтыг хурдан барьж авч зогсоох, 2-рт бүх нийтийг хамарсан тархалт боллоо гэж үзэхэд хохирол багатай даван туулахын тулд эмчилгээ үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх тал дээр төлөвлөсний дагуу анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал Цэргийн төв эмнэлэг нийт 570 ортойгоос Ковид-ын эмчилгээнд зориулж 440 орыг бэлдээд байна. Үлдсэн хэсэгт эмч ажиллагсад байрлах байдлаар зохион байгуулжээ. Өвчтөнүүдийн биеийн байдал хүндэрсэн үед шаардагдах эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний тулд өнөөдөр Цэргийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээний орны тоог 2 дахин нэмэгдүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж буюу амьсгалын апрат, үйлчлүүлэгчийн монитор, дусал тарианы памп зэрэг төхөөрөмжөөр хангалаа.
Эмнэлгийн байгууллагын багтаамжийг бэхжүүлэх нь тун чухал байна. Халдварын хяналтыг сайжруулах чиглэлээр эмнэлгүүдийг сайн тоноглож бэхжүүлсэн байна. Цаашид эрчимт эмчилгээний орноос гадна бусад тоног төхөөрөмжүүд ч мөн шаардлагатай болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэгийг үзүүлж ажиллах болно.
Түүнчлэн ХӨСҮТ-д 400, Яармагийн төрөх эмнэлэгт 500 ор бэлдэж байгаа. Үүний 10 хувь нь эрчимт эмчилгээний ор байгаа юм.
Эх сурвалж - Эрүүл мэндийн яам