Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хүрээнд хатуу хөл хорио тогтоогоод буй энэ үед УОК, Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас иргэдийг гэр гэртээ байцгааж, өөрсдийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байдлаа хамгаалахыг зөвлөж байгаа.
Гэвч иргэдийн зүгээс хязгаарлалтын горим зөрчих, алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэх гэх зэрэг зөрчлүүдийг гаргах тохиолдол байгаа юм.
Мөн нийслэлийн иргэд зуслангийн бүс рүү зорчиж, зуслан дээрээ очих хүсэлт ихээр тавьж, шаардаж байгаа аж. УОК-ийн зүгээс энэ сарын 11 буюу хөл хорио тогтоосон эхний өдөр хийсэн мэдээлэлдээ иргэдийг зусландаа зорчих нь нээлттэй хэмээн мэдээлж байсан. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөж, голомтлон тархсан хавьтлын тоо нэмэгдэн, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хатуу хөл хорио тогтоогоод байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн иргэдийг зуслан руугаа явах, зуслангийн бүс рүү зорчихгүй байхыг анхааруулж, хязгаарлаж байгаа юм.
Зуслангийн бүс рүү олноор явах нь иргэдийн урсгалыг нэмэх, цаашлаад байдал хүндэрвэл хүнс, усны асуудлаас эхлэн иргэд өөрсдөө эрсдэлд орно гэж үзэж байгаа юм байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү энэ талаар "Иргэдийг хязгаарлалтын бүс дотор зөвхөн цагдаагийн хяналт доор оруулж гаргана. Тодруулбал, тухайн хамгаалалт гарсан бүс (пост) хооронд явж болно. Харин хотын төвөөс Гачуурт, Өлзийт, Шаргаморьт гэх мэтээр дүүрэг дамжиж, хол явах боломжгүй" хэмээн тайлбарласан юм.