ШУУРХАЙ: Дархан-Уул аймагт сэжигтэй нэг тохиолдол илэрчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

Дархан-Уул аймагт коронавирусний сэжигтэй нэг тохиолдол илэрчээ. 

Сэлэнгэ аймгийн ойрын болон дам хавьтлын 583 иргэнээс шинжилгээ авахад өнгөрсөн шөнийн 00.26 цагт нэг иргэнээс халдварын шинж тэмдэг илэрсэн ба тухайн иргэний хавьтлын 60 гаруй хүнийг тусгаарлаад байна гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал  мэдээлэл өглөө.

Хариуг баталгаажуулахаар Улаанбаатар хот руу сорьц илгээсэн. Дархан-Уул аймгийн хэмжээнд үүрийн 05.00 цагаас эхлэн бүх хөдөлгөөнийг зогсоож, тэг зогсолт хийгээд байна. 

Аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Дархан-Уул аймагт 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны 00:26 цагт нэг сэжигтэй тохиолдол илэрлээ. Яаралтай хариу арга хэмжээ авч, ХӨСҮТ рүү шинжилгээний сорьцыг хүргүүлсэн. Орон нутагт үүссэн энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан нэг болон дам хавьтлын байршлыг тогтоох шаардлагатай гэж үзэн, өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн арваннэгдүгээр сарын 18-ны 06:00 цаг хүртэл аймгийн хэмжээнд бүрэн зогсолт хийж байна" гэсэн юм.  


Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал өчигдөр үдээс хойш  (2020.11.16) аймгийн нөхцөл байдлын талаар "Дархан-Уул аймагт нийтээр дагаж мөрдөж байсан хөл хорионы дэглэмийг арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгалаа. Улсын Онцгой комиссоос хүлээн зөвшөөрөгдсөн 11 төрлийн байгууллагын үйл ажиллагаа тусгай горимын хүрээнд хэвийн явагдана. Бусад аж ахуйн нэгж хөл хорионд орж, хязгаарлагдана. Өнгөрсөн дөрвөн хоногт 5502 хүнд шинжилгээ хийсэн. Бүх шинжилгээ сөрөг гарсан. Зэргэлдээх Сэлэнгэ аймагт халдвар илэрсэн, Дархан-Уул аймагт халдвар илрэх эрсдэлтэй байгаа тул халдварын шинжилгээ үргэлжилж байна. Өчигдөр гэхэд 4500 хүнээс шинжилгээ авсан, өнөөдөр 5000 иргэнээс шинжилгээ авч дуусгана. Ингэснээр нийт хүн амын 10 хувьд нь шинжилгээ аваад байна" гэсэн мэдээллийг өгч байсан юм. 

Top