Коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-өөс өгч байна. /2020.11.17/
ЗӨСҮТ-ийн мэдээлэлд гадаад, дотоод нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед халдварын тохиолдлуудын явсан маршрутыг аюулгүй болгох нь хамгийн чухал. Тиймээс ЗӨСҮТ-өөс өнгөрсөн өдрүүдэд 60 гаруй цэгт 30 мянган метр квадрат талбайд ариутгал, халдваргүйтгэл хийгээд байна.
Ариутгал, халдваргүйтгэл хийдэг хувийн хэвшлийн компаниудыг арга зүйгээр ханган ажиллаж байгаа.
Халдвар голомтлон гарсан “Энхсаран” сувиллаас 80 гаруй хүнийг тусгаарлах байр руу шилжүүлсэнтэй холбоотойгоор сувиллын гурван байранд ариутгал, халдваргүйтгэл хийсэн.
Халдвар тархах замыг таслах нь маш чухал. Үүнд, манай байгууллагаас голлон чиглэж ажиллаж байна.
Нийслэлд 18 цэгт коронавирусний шинжилгээ авч байгаа. Цэгүүдэд авсан шинжилгээний дүн манай төвийн гурван лаборатори дээр эцэслэгдэн гарч байгаа. Энэ хүрээнд 1204 шинжилгээний хариу одоогоор гараад байна. Бүгд сөрөг гарсан.
Манай явуулын лаборатори өнөөдөр үүрээр Сэлэнгэ аймаг руу очсон.
Энэ үед халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөж, ариун цэвэр сайн сахих хэрэгтэй. Халдвараас сэргийлэх талаар мэдээлэлтэй байх. Иргэд маскаа зүүж байгаа ч зөв зүүж сурах хэрэгтэй байна. Хэрэглэсэн маскаа гэртээ ил задгай хаяхгүй байх хэрэгтэй. Маскнаасаа халдвар авахгүй байх хэрэгтэй гэв.