Хэнтий рүү хулгайгаар явсан хоёр иргэний хариу СӨРӨГ гарчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

Нийслэл хотоос Хэнтий аймаг руу хулгайн замаар зорчсон хоёр иргэнээс коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн тухай өмнө мэдээлж билээ.

Тэгвэл тэдгээр хоёр иргэний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны  албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр /2020.11.17/ энэ талаар "Хэнтий аймгийн 10 хүний шинжилгээ сөрөг гарсан. Бид ойрын хавьтлуудад түргэвчилсэн тест тавьж байгаа. Түргэвчилсэн тест эерэг ба сөрөг гарсан. PCR шинжилгээ хийж байна" гэсэн мэдээлэл өглөө.

2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нийт 1762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд коронавирус илэрч, Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 434 болоод байна. 


ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА:

-Нийслэл болон Сэлэнгэ аймагт халдвар нэмж бүртгэгдлээ. Нийслэл хотод шинжилгээ авах 18 цэг байгуулсан, энэ цэгт шинжилгээ хийлгэсэн хүмүүс бүгд сөрөг гарсан. Лавлах 119 дугаарт 2000 гаруй хүн хандаж, зөвлөмж авсан. Өчигдөр (2020. 11.16) ХӨСҮТ-ийн болон салбар лабораториудад 1762 хүнд шинжилгээ хийхэд гурван тохиолдол нэмж илэрлээ. 

Тодруулбал, Сэлэнгэ аймагт орж ирсэн ТИР машины хоёр жолоочоос халдвар илэрсэн.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Нийслэлд бүртгэгдсэн кластер голомт буюу жолоочийн ойрын хавьтал болох  80 хүнээс шинжилгээ авсан. Ингэхэд нэг хүний гурав дахь удаагийн шинжилгээнээс халдвар илэрсэн.

Энэ нь жолоочийн ах юм. Ингээд Монгол улсад батлагдсан тохиолдол 434 боллоо. Үүнээс 328 нь эдгэрч, 310 хүний ажиглалт тандалт дууссан.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээг танилцуулъя.

Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн хүмүүсийн давтан, Франкфуртаас ирсэн иргэдийн давтан, Замын-Үүдэд  илэрсэн сэжигтэй тохиолдлын давтан шинжилгээ, тусгаарлах байрны эмч, ажилтнуудын давтан шинжилгээ, "Алтанбулаг" боомтоор орж ирсэн 133 иргэний шинжилгээг өчигдөр мөн хийлээ. КОВИД илрээгүй.

Дархан-Уул аймагт тандалт хийж байна. Өчигдөр нийт 132 хүнээс шинжилгээ авахад нэг сэжигтэй тохиолдол илэрсэн. Ховд аймагт тандалтын зорилгоор шинжилгээ авсан. Халдвар илрээгүй.

Top