УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр /2020.11.17/ 14:00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг нар оролцов.
Хэвлэлийн хурлын эхэнд нийслэлд кластер байдлаар бүртгэгдсэн коронавирусний ойрын болон хоёр дахь хавьтлыг ерөнхийдөө илрүүлж дууссан. Одоо шинжилгээ авах, хариуг нь баталгаажуулах ажил хийгдэж байгааг онцоллоо. Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумын иргэдийг шинжилгээнд хамруулахаар болсныг дуулгав.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь "Алтанбулаг" боомтоор ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх явцад халдвар агаар дуслын замаар болон ахуйн замаар халдах эсрдэлтэй тул төмөр замаа дагасан халдварын шинэ голомт үүсэж байна гэж Онцгой комисс үзжээ.
Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар дөрвөн тохиолдол бүртгэгдээд байгаа ба тэдний гурав нь нэг гэр бүлийн хүмүүс бол шинээр батлагдсан нэг тохиолдол нь уг гурван хүнтэй хавьтал болоогүй болохыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцолсон.
Дархан-Уул аймагт өнөөдөр халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн ба түүнийг Сэлэнгийн голомттой хамруулан, төмөр зам дагасан халдвар хэмээн үзэж байна.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.
Хэвлэлийн бага хурлын үеэр албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэж байна.
-Нийслэлд бүртгэгдсэн кластер халдвараас нийт хавьтлын хэдэн хувь нь шинжилгээнд хамрагдсан бэ?
-Батлагдан тохиолдын ойрын болон хоёр дахь хавьталд шинжилгээ хийж байгаа. Ойрын хавьтал бол 100 хувь шинжилгээнд хамрагдсан. Хоёр дахь хавьтлын хүмүүсийн 80 гаруй хувь нь шинжилгээнд хамрагдаад байна. Ойрын хавьтлаас бол нэг удаа шинжилгээ авахгүй, 3-4 удаа шинжилнэ.
-Халамжийн мөнгө, хүүхдийн мөнгө тарааж эхэллээ. Энэ мөнгийг авдаг зарим иргэд заавал банкаар үйлчлүүлэх шаардлагатай байдаг. Тэгвэл банк ажиллаж байна уу?
-Засгийн газраар батлуулсан 11 банкны салбар байдаг. Бусад нь бол ажиллахгүй байгаа. Засгийн газрын зөвшөөрөлтэй салбар нь тусгай өрөөнд үйлчилгээ үзүүлэх ёстой. Дэлгэрэнгүй мэдээллийг Монголбанкнаас асуусан нь зөв. Халамжийн болон хүүхдийн мөнгө саадгүй орно. Зарим бэлтгэл ажил шаардагдаж байгаа тул энэ сарын 20-ноос олгохоор болсон.
-Тусгай үүргийн нислэг цуцлагдсанаас болж гадаадад байгаа иргэд хэцүү байдалд байна. Хэдэн улсад хэдэн иргэн онгоцны буудал дээр гацаад байна вэ?
-Энэ сард 3800 гаруй иргэнээ тусгай үүргийн нислэгээр авах төлөвлөгөөтэй байсан. Өмнөд Солонгосоос 3000, Европоос 200 гэх мэт. Онгоцны буудал дээр хэдэн иргэн гацсан талаарх судалгааг нэгтгэж байна.
-Оюутнуудыг заавал шинжилгэ өг гэж сургуулийн захиргаанаас нь шаардсан байна. Өглөөний 05:00 цагаас хойш одоо хүртэл дараалалд зогсоод, шинжилгээ өгч чадаагүй оюутан байна. Тодруулбал, МУБИС ийм шаардлага тавьсан байна?
-Нийслэлд 18 цэг дээр коронавирусний шинжилгээ өгч болно. Мөн ХӨСҮТ-д хоёр цэгт шинжилгээ авч байгаа.
-Зуслан явах гэсэн иргэдийг зорчуулахгүй байна. Өмнө нь зуслан явах нь нээлттэй гэж байсан. Одоо гэтэл явуулахгүй байгаа нь ямар учиртай юм бэ?
-Эхний тав хоногийн хөл хорионы үед зуслан явуулах нь нээлттэй байсан. Сүүлд 14 хоног сунгаснаас хойш цагдаа нар блокчилсон байдлаар зохицуулалт хийж байгаа. Зуслангийн бүсийг чөлөөтэй нээхээр хөл хөдөлгөөн нэмэгдэх гээд байна. Тухайлбал, ХУД-т амьдардаг иргэн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт зорчих хэрэг гарна. Тиймээс тухайн дүүрэг дотроо бол зуслан явах нь нээлттэй байхаар зохицуулсан.
-Сэлэнгэ аймагт 19 иргэний хариу эхний байдлаар сэжигтэй гарсан. Энэ хүмүүсийн эцсийн хариу хэзээ гарах вэ?
-Сэлэнгэ, Дарханы төмөр замыг багц голомт гэж үзэж байна. Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн эхний гурван тохиолдолтой дараагийн бүртгэгдсэн нэг тохиолдол хамааралтай. Сэлэнгэ аймгийн ихэнх иргэд хоорондоо хамааралтай, бөөгнөрсөн байдалтай байгаа. Тиймээс Сэлэнгэ аймгийн төв болон Алтанбулаг сумын иргэдийг бүгдийг нь шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулна.