Зээл, зээлийн хүүг БУУРУУЛАХ асуудлаар үүрэг даалгавар өглөө

Э.Тэргэл | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны удирдлага болон холбогдох бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өглөө.

Цахим уулзалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарын зэрэг хүмүүс оролцлоо.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкны төлбөр тооцоо хэвийн явж байгаа бөгөөд цаашид цахим төлбөр тооцоог түлхүү ашиглах шаардлага үүсэж байгааг мэдээлэв.

Тэрбээр өмнө нь Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран шийдвэр гаргаж, 3.7 их наяд төгрөгийн зээлэнд бүтцийн өөрчлөлт хийсэн. Одоо арилжааны банкуудад Монголбанкнаас олгох зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах замаар зээл, зээлийн хүүг багасгах боломж бий. Түүнчлэн өмнөх туршлагадаа үндэслэн ипотекийн зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авахад бэлэн байна. Энэ зорилгоор Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлыг ойрын үед хуралдуулахаар төлөвлөж байна гэлээ.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан зээлийн хүүг хойшлуулах, царцаах нь тохиромжтой арга хэмжээ биш. Бизнес эрхлэгчид, аж ахуй эрхлэгчид, иргэдэд яваандаа нэмэлт ачаалал үүсгэнэ. Үүний оронд зээлийн хүүг бууруулах, боломжтой бол түр хугацаанд тэглэх арга хэмжээ авах нь илүү оновчтой. Энэ талаар Монголбанкнаас Банкуудын холбооныхонтой ярилцаж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Юуны өмнө бага, дунд орлоготой иргэдийн зээл авдаг  банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод, ломбард зэрэг байгууллагуудын зээлийн хүүг бууруулах, тэглэх бүрэн боломжтой. Учир нь эдгээр байгууллагуудад зээлийн эх үүсвэрийн зардал үндсэндээ байхгүй гэлээ.

УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өдрийн орлоготой болон орлого багатай иргэд, нийгмийн эмзэг бүлгийнхэн, тэтгэврээс өөр орлогогүй өндөр настнууд эрсдэлд хамгийн түрүүнд өртөх магадлалтай тул тэдгээрт чиглэсэн тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна гэсэн санал хэллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсгийг УИХ-аас байгуулж, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг хэрэгжүүлэх, зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар шуурхай арга хэмжээ авах хугацаатай үүрэг даалгавар өглөө. 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(122.201.22.247) 2020 оны 11 сарын 17

jiliin 10% doosh oruulah heregtee ard irged zeeliin huund tuildaj baigaa shuu

2  |  0
Иргэн(202.55.188.93) 2020 оны 11 сарын 17

Жавхлан гишүүн маш зөв санал гаргасан байна. Хамгийн гол ажил болгох хэрэгтэй

1  |  0
Top