УОК-ийн хурал үргэлжилж байна. /2020.11.17/
Орон нутгаас Улаанбаатарт ирээд хөл хорионы улмаас гацсан иргэдийн дунд ташаа мэдээлэл тархаад буйг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян хэллээ.
Тэрбээр “УОК-оос ойрын хугацаанд Улаанбаатараас орон нутаг руу гарах зөвшөөрөл өгөх юм байна. Зөвшөөрөл олгохдоо коронавирусний шинжилгээ өгч, халдваргүй гэсэн хариутай байхыг шаардах юм байна гэсэн мэдээлэл иргэдийн дунд тархаж улмаар коронавирусний шинжилгээ авах цэгүүд дээр дараалал үүсгэж байна.
УОК дээр Улаанбаатараас иргэдийг орон нутаг руу зорчуулах талаар ямар нэг шийдвэр гараагүй. Одоогоор судалж байгаа. Улаанбаатараас орон нутгийг зорих иргэдийг зорчуулахдаа тодорхой журам гаргаж шийдвэрлэнэ.
Мөн асуудал шийдвэрлэгдлээ гэхэд коронавирусний халдварын шинжилгээний хариу нь 24 цаг доторх хугацаанд байх шаардлага үүсэх юм. Тиймээс иргэд төөрөгдөлд автаж, коронавирусний шинжилгээнд хамрагдсан байгаа бол хариу нь хүчингүй болно шүү гэлээ.
Мөн тэрбээр “Хөл хорионы дэглэмийг 90 хувь сахиж чадсан улс орон коронавирусний тархалтыг 40 хувиар бууруулж чадсан, дэглэмийг 80 хувь сахиж чадсан орон тархалтыг 30 гаруй хувиар бууруулж чадсан статистик байна.
Улс орнуудын туршлагыг харахад хөл хорио хамгийн үр дүнтэй арга хэмжээ болоод байна. Тиймээс ард иргэд Өндөржүүлсэн бэлэн байдлын үед төр засгийн зүгээс, бусад байгууллагуудаас тавьж буй шаардлагыг ухамсартайгаар хүлээн авахыг сануулж байна.
Хөл хорионы дүрэм журмыг зөрчсөн хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцно. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд үлдэж буй хугацаанд ажилчдаа аль болох онлайнаар ажлаа хийх нөхцлийг бүрдүүлэхийг шаардаж байна гэв.