Хамгаалах хувцас хэрэгслийг хэвлэл мэдээлэл, энгийн иргэд өмсөх шаардлагагүй гэв

2020 оны 11 сарын 18

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн /2020.11.18/ 11:00 цагийн мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хамгаалах хувцас хэрэгслийн хэрэглээний талаар онцоллоо.

Тэрбээр "Хамгаалах хувцас хэрэгслийг шаардлагагүй хүмүүс ихээр өмсөж байна. Үүнийг яг өвчтөнтэй харьцаж байгаа, хамгийн эрсдэлтэй, эрүүл мэндийн ажилчид, цэрэг, цагдаа, онцгой болон өвчтөн болон хавьтлуудтай шууд харилцаж байгаа хүмүүс өмсөх учраас нэгдүгээрт энгийн иргэд, хоёрдугаарт хэвлэл мэдээллийн ажилчид, гуравдугаарт ямар нэгэн түгээлтээр явж байгаа түгээлтийн ажилчид өмсөх шаардлагагүй. Энэ хүмүүс амны хаалт, бээлийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай.

Хатуу хөл хорионы дэглэмийг сахиулж байгаа хүчний байгууллагуудыг үйл ажиллагааг дэмжиж, эелдэг зөөлөн харьцаж, таны эрүүл мэндийг хамгаалж байгаа шүү гэдэг утгаар сайхан харьцахыг иргэд та бүхнээс хүсье. Сүүлийн үед хүчний байгууллагын хүмүүсийг үг хэлээр доромжлох, шаардлагыг биелүүлэхгүй байгаа талаарх гомдол 323002, 119, 18000119 утсанд их ирж байна. Ийм учаас иргэд та бүнийхээ эрүүл мэндийнхээ төлөө, Монгол Улсад коронавирусыг тархаахгүйн төлөө ажиллаж байгаа эрүүл мэнд, хүчний байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжиж, хамтын хүчээр халдварын голомтыг таслан зогсоохыг та бүхнээс хүсэж байна." гэв.

Top