Орхон аймгийн засаг дарга бөгөөд аймгийн онцгой комиссын дарга С.Батжаргал аймгийн нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
1. Дархан хотод илэрсэн тохиолдол болох иргэн Ө-гийн нэгдүгээр хавьтал иргэн Г-ээс ковид илэрч батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдсэн. Иргэн Г нь Орхон аймгийн иргэн бөгөөд хөл хорио тогтоохоос өмнө Эрдэнэтэд гэртээ ирээд буцсан тул иргэн Г-ийн ойрын хавьтал болох 33 хүнийг тогтоож, шинжилгээг авч ХӨСҮТ-д илгээн уг хүмүүсийг тусгаарлаад байна.
2. Халдвар төмөр зам даган гарсан тохиолдолууд бүртгэгдэж байгаа учраас УОК-оос өгсөн чиглэлийн дагуу төмөр замын ажилчдыг тусгаарлах, төмөр замтай холбоотой ажилладаг жишээ нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын тээвэр ложистикийн ажилчдыг гэрийн тусгаарлалтад оруулах, шинжилгээ авах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
3. Тэг зогсолт хийгээгүй харин ариутгал халдваргүйжүүлэлт хийх, иргэдийн хөдөлгөөнийг хумих, сахилга хариуцлагыг чангатгах арга хэмжээ авч байгаа. Хүнсний хангалт саатахгүй.
4. Одоогийн байдлаар иргэн Г-ийн ойрын хавьтал мөн төмөр замын ажилчид гээд 270 хүний шинжилгээг ХӨСҮТ-д илгээсэн байгаа. Энэ хариуг гартал хот доторхи хөдөлгөөнийг багасгах, иргэдээр дэглэмийг сахиулахад анхаарч ажиллах зэрэг арга хэмжээг авч байна.