Төмөр зам дагуух ТАВАН аймагт коронавирус бүртгэгдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-ээс 11:00 цагийн мэдээлэл хийлээ. /2020.11.19/

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд Улаанбаатар хот болон төмөр зам дагуух 5 аймагт коронавирусний халдвар бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 72 боллоо. 

Халдварын тохиолдол, тархалтыг харахад Төмөр зам дагасан халдварын томоохон голомт бий болсон нь тогтоогдлоо. Энэ талаар албаныхан ч мэдэгдэж байгаа. Тухайлбал, төмөр зам дагасан таван аймаг болон нийслэлийн тухайд өнөөдрийн байдлаар Төмөр замтай холбоотой 43 халдварын тохиолдол байна. 
 

  • Сэлэнгэ аймагт үүссэн голомтод бүртгэгдсэн нийт тохиолдол - 28
  • Дархан-Уул аймагт үүссэн голомтод бүртгэгдсэн нийт тохиолдол - 11
  • Нийслэлд "Улаанбаатар" төмөр замд үүссэн голомтод бүртгэгдсэн тохиолдол - 4 байна.


Нийтдээ Монгол Улсын хэмжээнд 505 тохиолдол бүртгэгдсэнээс 329 тохиолдол эдгэрсэн. Ажиглалтад 17, гэрийн ажиглалтад 2 хүн байна.

Өнөөдрийн байдлаар 169 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Өвчилсөн хүмүүсийн насны байдал 3-70, дундаж нас 32. Өвчлөгсдийн 52.3 хувь нь эрэгтэй. Нэг хүн дунджаар 26 хүнд халдвар тараах тооцоолол байна. Ойрын болон хоёр дахь хавьтлуудыг тооцвол 117 хүнд халдвар тараах тооцоолол гарсан. Хөл хориог хэрэгжүүлснээр халдвар тараах эрсдэлийг 3-4 дахин бууруулж чадсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. 

Арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймаг дахь салбар лабораториудад нийт 1390 хүний сорьцод шинжилгээ хийснээс 31 хүнд халдвар илэрчээ. 

Өчигдөр (2020.11.18) Дорнод аймагт 32 хүний сорьцод тандалтын шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 7 жолоочийн давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Дархан-Уул аймагт үүссэн голомтоос 3 халдвар, Сэлэнгэ аймагт үүссэн голомтоос 4 халдвар, Дорноговь аймагт 1 халдвар, Орхон аймагт 13 халдвар, Улаанбаатар хотод 3 халдвар тус тус илэрсэн байна. 

Улсын хэмжээнд 2020.11.19-ний 11.00 цагийн байдлаар
 

  • Улаанбаатарт - 18
  • Сэлэнгэ аймагт - 28
  • Орхон аймагт - 13
  • Дархан-Уул аймагт - 11
  • Дорноговь аймагт - 1
  • Говьсүмбэр аймагт - 1 тохиолдол батлагдаад байна. 
Top