Ж.ЭНХБАЯР: Дарханд X сард ТӨМӨР ЗАМЫН 445 ажилтан цугласан байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Өнөөдөр буюу 2020.11.19-ний 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр 
 

  • Улаанбаатарт - 18
  • Сэлэнгэ аймагт - 28
  • Орхон аймагт - 13
  • Дархан-Уул аймагт - 11
  • Дорноговь аймагт - 1
  • Говьсүмбэр аймагт - 1 тохиолдол батлагдан, халдвар нийслэл болон таван аймагт тархаж, дотоод дахь халдварын тоо 72 болоод байна. 

Халдварын тохиолдол, тархалтыг харахад Төмөр зам дагасан халдварын томоохон голомт бий болсон нь тогтоогдлоо. Энэ талаар албаныхан ч мэдэгдэж байгаа. Тухайлбал, төмөр зам дагасан таван аймаг болон нийслэлийн тухайд өнөөдрийн байдлаар Төмөр замтай холбоотой 43 халдварын тохиолдол байна. 
 

  • Сэлэнгэ аймагт үүссэн голомтод бүртгэгдсэн нийт тохиолдол - 28
  • Дархан-Уул аймагт үүссэн голомтод бүртгэгдсэн нийт тохиолдол - 11
  • Нийслэлд "Улаанбаатар" төмөр замд үүссэн голомтод бүртгэгдсэн тохиолдол - 4 бүртгэгдээд байна. 


Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнгөрсөн шөнө 23:00 цагийн орчимд халдварын нөхцөл байдлыг танилцуулах хэвлэлийн хурал хийх үеэр тус аймагт ажиллаж буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр нэгэн шинэ мэдээлэл зарласан. Үүнд анхаарал хандуулъя.

Түүний мэдээллээс харахад төмөр замын ажилчдын дунд өнгөрсөн аравдугаар сард коронавирусний халдвар тархсан байх магадлалтай болж байна. 

ЕРӨНХИЙ САЙДЫН АХЛАХ ЗӨВЛӨХ Ж.ЭНХБАЯР: 

-Дархан хотод хийсэн 10 мянга гаруй шинжилгээний үр дүнд илэрч байгаа коронавирусний халдвар нь төмөр зам, төмөр зам дагаж зөөвөрлөгдөн орж ирсэн нь тодорхой болж байна.

Өнгөрсөн аравдугаар сарын 1, 2, 6, 30-ны өдрүүдэд төмөр замын системийн спортын бөгөөд ур чадварын тоглолт, тэмцээн, уралдаан Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан. Энд төмөр замын системын маш олон ажилчид, 445 ажилтан, албан хаагч Дархан хотод ирж оролцсон байна. 

Дархан хотын хэмжээнд хийсэн 10 мянга гаруй түргэвчилсэн оношилгооны үр дүнд өнөөдрийн байдлаар батлагдсан халдвар авсан нь тогтоогдсон дөрвөн хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа. Мөн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр дөрвөн хүн коронавирусийн халдвартай нь тогтоогдсоноор ХӨСҮТ рүү шилжүүлэх ажлыг хийж байна. Мөн Дархан-Уул аймагт дахь төмөр замын 1088 ажилтныг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. Арваннэгдүгээр сарын 21:30 цагийн байдлаар 878 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Энэ 878 хүнээс дөрвөн хүн сул эерэг буюу сэжигтэй тохиолдол гэж гарсан. Эдгээр хүнийг тусгаарлалтад авсан.

Ингээд төмөр замын ажилтан, албан хаагчидтай холбоотой 10 хүн гарч ирлээ гэж ойлгож болно. Тиймээс төмөр замын системийн халдварыг эрт илрүүлэх, оношлох, тусгаарлах, хариу арга хэмжээний баг төмөр замын ажилчид албан хаагчид болон тэдний гэр бүлийнхэн, хамтран ажилладаг байгууллагынхан, төмөр замын ажилчдын оршин суудаг хороо, орон сууц, түүнд ойр амьдардаг хүмүүсийг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлээд байна.

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Top