МУБИС-ийн "Оюутны II байр"-ны оюутнуудын шинжилгээ СӨРӨГ гарчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээлэл-

Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд боловсрол, шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл болон 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн Шуурхай штабын ажлын тайлангийн хураангуйг хүргэж байна.
 

  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрээр тасралтгүй зохион байгуулж байна.
     
  • Эрсдэлт бүлгийн болон хоол хүнсний дэмжлэг шаардлагатай өрхийн хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилгоор “Foodbank” сайн дурын ажлыг орон нутгуудад эхлүүлж хүнсний дэлгүүр, төрийн бус байгууллага, иргэдээс цугласан хүнсийг аймаг, сумдын онцгой комисстой хамтран хүргэх ажлыг эхлүүлсэн байна.
     
  • 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 13:00 цагийн байдлаар 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 50 дотуур байранд 772 хүүхэд үлдсэн. 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улсын Онцгой комисс, Монгол Улсын Засгийн газар хуралдаж хөл хорионы хугацааг 14 хоног буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасантай холбогдуулан дотуур байрны 1474 хүүхдийг эцэг эхчүүдэд нь хүлээлгэн өгөх ажлыг Боловсрол, соёл урлагийн газраас Аймгийн Онцгой комисстой хамтран зохион байгуулсан.
     
  • Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн нийт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 21992 албан хаагчдаас 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсан эрсдэлтэй газраар зорчсон үйлчлүүлсэн эсэх талаар асуумжийг авч нэгтгэж байна. Орон нутгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиас Улаанбаатар хотод зорчсон багш ажилчдаас дээрх асуумжийг авч, УОК-т мэдээлсэн.
     
  • 2020 оны 11 сарын 14-ний өдрийн шинэчилсэн судалгаагаар улсын хэмжээнд нийт 71 оюутны дотуур байранд 11359 оюутан амьдарч байна. Эдгээрээс төрийн өмчийн сургуулиудын 42 дотуур байранд 8676 оюутан, хувийн өмчийн сургуулийн 29 дотуур байранд 2683 оюутан суралцагч амьдран суралцаж байна. Холбогдох байгууллагын гаргасан дэглэмийг баримталж байна. 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 18:00 цагийн байдлаар оюутны дотуур байранд амьдарч буй оюутнуудтай холбоотой ямар нэгэн хүндрэлтэй байдал үүссэн тухай мэдээлэл ирээгүй байна.
     
  • МУБИС-ийн оюутны 2 дугаар байранд амьдарч байгаа бүх оюутан шинжилгээнд хамрагдсан. Хамрагдсан бүх оюутны хариу “сөрөг” гарлаа.
     
  • Эрдэм шинжилгээний бүх ажилтнууд онцгой байдлын горимд шилжиж гэрээс онлайн хэлбэрээр ажиллаж байна. Шинжлэх ухааны хүрээлэнгүүд дээр зайлшгүй шаардлагаар очиж ажиллах хүмүүсийн жагсаалтыг хүрээлэн тус бүрээр гарган, захирлын тушаалаар баталгаажуулах, ажлын байрандаа ажиллаж хүмүүсийг 2 цагаас дээш ажиллуулахгүй байх зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг БШУЯ-ны www.meds.gov.mn вэб сайтын КОВИД-19 цэс дотор Шуурхай штабын тайлан хэсгээс үзээрэй.

Top