СЭЛЭНГЭ: Халдварын урсгалын ХОЁР ЭХ ҮҮСВЭР тогтоогджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Өнөөдөр 11:00 цагаас хойш Сэлэнгэ аймагт коронавирусний 13 тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт халдвар авсан хүний тоо 41 болсон.

Тус аймагт коронавирусний анхны тохиолдол илэрснээс хойш Улаанбаатар хотоос Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан Ажлын хэсэг очиж, ажиллаж байна.

Г.Сайханбаяр сайд Сэлэнгэ аймаг дахь нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед  хатуу хөл хорионы дэглэмийг сахиулж байна. УОК-ийн 7 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг, ХӨСҮТ, ЗӨСҮТ, УБТЗ, ЦЕГ, Онцгой байдлын ажилтан, албан хаагчид дэглэм журам сахиулах үйл ажиллагаанд оролцож байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод  арваннэгдүгээр сарын 9-ний өдөр батлагдсан тохиолдол  хоёр эх үүсвэрээс гаралтай  нь батлагдсан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот олон улсын зэрэглэлийн байнгын хөдөлгөөнтэй өртөөтэй. Уг өртөөгөөр өдөртөө  15-20 төмөр замын хөдлөх хэрэгсэл хөдөлж, зорчиж, үйл ажиллагаа явуулдаг.

Эдгээр төмөр замын орж ирж байгаа хөдөлгөөн бүр хилийн   шалган нэвтрүүлэх цэг дээр шалгагддаг, харилцан бичиг баримт солилцдог, харилцдаг. Халдварын урсгал уг үйл явцын хүрээнд хатуу болон зөөлөн биетийн хүртвэрээр орж ирсэн нь тогтоогдсон.

Мөн Монгол Улсын хилээр нэвтрэн орж ирсэн автомашин, тээврийн жолооч нар Сэлэнгэ аймгийн орчим дахь авто замаар зорчих үед ахуйн алдаа гаргасны улмаас вирус дамжсан.

Жолооч нар шүлс, нус, цэр хаях бие засах, түр амрах хугацаанд тээврийн хэрэгслээс эд зүйлийг гадагшлуулах, хууль бус захиа, захиварын зүйлүүдийг замдаа хаях зэргээс үүсэлтэй нь бүрэн тогтоогдсон" гэлээ.

Тэрбээр мөн тархвар зүйн үүднээс үзэхэд энэ үе бол халдвар маш  идэвхтэй  илрэх үе эхэлсэн хэмээн мэдэгдлээ.

Top