ШУУД | Сэлэнгэ аймагт коронавирусний батлагдсан тохиолдол нийт 51 боллоо

2020 оны 11 сарын 20

Сэлэнгэ аймагт коронавирусний батлагдсан тохиолдол нийт 51 болж нэмэгдээд байна. Сэлэнгэ аймагт нөхцөл байдал ямар байгаа талаар тус аймгийн Засаг дарга буюу Онцгой комиссын дарга Ш.Оргил, Батлан хамгаалахын сайд, Улсын Онцгой комиссын орлогч дарга, бригадын генерал Г.Сайханбаяр нар мэдээлэл өгч байна.


Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил: УОК-ын шийдввэрийн дагуу аймгийн хэмжээнд хөл хорионы хатуу дэглэмд шилжсэн. Сүхбаатар сум болон Алтанбулаг боомтын нийт хүн амыг түргэвчилсэн оношлуураар оношлох ажлыг эхлүүлэн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Мөн цагдаа, онцгой, гааль, цэргийн анги, төмөр зам, дулааны станци гэсэн арын албанд ажиллаж байгаа нийт алба хаагчдыг эрт илрүүлгийн оношилгоонд тогтмол хамруулж байна. Иргэдэд мэдээлэл өгөх тусгай дугаарыг 24 цагаар ажлуулж байна. Сүхбаатар суманд эмийн хүргэлтийн үйлчилгээг хувийн хоёр эмийн сангаар дамжуулан 24 цагаар үйлчилгээг үзүүлж байна. Тус сумын ус түгээх худгуудаас үнэ төлбөргүйгээр ус авах зохицуулалтыг хийлээ. Энэ нь бэлэн мөнгө төлж ус авах нь эрсдэлтэй гэж үзэн хөл хорионы энэ хугацаанд үнэ төлбөргүйгээр гэр хорооллын иргэд ус авахаар шийдвэрлэлээ.

Аймгийн төвийн хэмжээнд түлээ нүүрсийг захиалгын дагуу хүргэж өгөх үйлчилгээг өчигдрөөс эхлүүлсэн. Аймгийн 17 сум, зургаан тосгоны хүнсний нөөцийн бүрдүүлэлт хангамжийг тасалдуулахгүй байх, эхний ээлжинд сум, сум дээр "Идэш" арга хэмжээг зохион байгууллаа.

Аймгийн хэмжээнд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон 31 хяналтын цэг, Сүхбаатар сумаас орж, гарах тээврийн хөдөлгөөнд хяналт тавих 15 цэг, хөдөлгөөнт эргүүлийн 53 чиглэл, гэрийн тусгаарлалтын хамгаалалтын 409 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

12 тусгаарлах байранд 239 иргэн, гэрийн тусгаарлалтад 44, нийт 283 иргэн байна. Тусгаарлах байрны хамгаалалтад цагдаа, онцгой байдал, төрийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Сүхбаатар сумын найман багийн есөн цэгт иргэдээс сайн дурын шинжилгээ өгөх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 9772 иргэн түргэвчилсэн оношилгоонд хамрагдсан. Шинжилгээ авах ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа тул хамрагдах иргэд гэрийнхээ хамгийн ойрын шинжилгээ авах цэгт очиж, шинжилгээ өгөх нь таны үүрэг гэдгийг онцгойлон анхааруулъя.

Нийт иргэд та бүхнийг халдвар хамгаалалтын дэглэмээ чанд сахиж, бүгдээрээ эв эетэй нэг баг болон ажиллаж цар тахлыг давъя гэж уриалъя.

Онцгой комиссын орлогч дарга Г.Сайханбаяр: Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 10 тохиолдолр нэмэгдсэн. Нийтдээ сүүлийн гурав хоногийн хугацаанд 4646 хүн сайн дурын шинжилгээнд хамрагдлаа. Энэ бол сайн үзүүлэлт. Үүнээс арваннэгдүгээр сарын 19-ний өдөр 2599 хүн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлгэсэн. Арваннэгдүгээр сарын 12-оос хойш PCR шинжилгээг 1239 хүнд хийсэн. Сүхбаатар суманд 20 бүлэг, Алтанбулаг суманд таван бүлэг шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж явж байна. Бид ойрын хавьтлуудыг тогтоогоод хамгийн түрүүнд шинжилгээг авч байна. Гэр бүлийн хавьлын хүмүүсийг хамгийн түрүүнд шинжилгээнд авч байна. Нийтдээ ойрын хавьтлын 464 хүнээс шинжилгээ авсан.

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top