"Голден парк" хотхоны 104, Төмөр замын 83-р байрыг битүүмжиллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2020.11.20/ 11:00 цагийн ээлжит мэдээллээр коронавирусний халдварын тохиолдол 37-оор нэмэгдсэн талаар мэдээлсэн билээ. Тэдний 35 нь дотоодоосоо халдвар авсан нь тогтоогдсон бол хоёр нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн болон "Алтанбулаг" боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос халдвар илэрсэн юм. 

Тодруулбал, Улаанбаатар хотод жолооч Д-гийн голомтын ойрын хавьтлын 15 хүнээс коронавирусний халдвар илэрсэн. Түүнчлэн Сэлэнгэ аймагт 15, Дархан-Уул аймагт таван тохиолдол нэмж бүртгэгдсэн бол Дорноговь аймгийн Айраг суманд нэг, Замын-Үүд суманд таван иргэн халдвар авсан нь батлагдсан билээ. 

Тэгвэл дөнгөж сая төмөр замын ажилчдын амьдардаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу 10 дугаар хороололын "Голден парк" хотхоны 104 дүгээр байр, 25-р эмийн сангийн ойролцоо байрлах 83 дугаар байрыг битүүмжилж, оршин суугчдын хөл хориог чангатгасан талаар эх сурвалж мэдээллээ. Тус байруудад халдвартай хүмүүсийн хавьтлын иргэд байгаа гэж үзэн шалгалт явуулж байгаа юм байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр тус хоёр байр нь төмөр замын ажилчдын амьдардаг орон сууц аж. Одоогоор сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д хүргэхээр авч явсан бөгөөд ойрын хавьтлын зарим иргэнийг тусгаарлаад байгаа юм байна. 

Top