П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэгт хандсан 37 настай эмэгтэйгээс коронавирусний халдвар илэрчээ. Тэрбээр биеийн байдал нь хүндэвтэр байсан тул Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандахад түргэвчилсэн шинжилгээгээр сөрөг гарчээ.
Гэсэн ч сэжиг бүхий шинж тэмдгүүд илэрч байсан тул өөрийн хүсэлтээр улсын III төв эмнэлэгт өчигдөр оройн 23.00 цагт хандсан бөгөөд тус эмнэлгийн эмч нар PCR шинжилгээ авч үзэхэд эерэг буюу коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон байна. Улмаар эмэгтэйг ХӨСҮТ-д шилжүүлэн эмчилж эхэлсэн, эмэгтэйг үзсэн 5 эмч, сувилагчийг тусгаарласан байна. Улсын III төв эмнэлгийн тухайн хэсэгт ариутгал, халдваргүйжүүлэлт бүрэн хийсэн бөгөөд маргааш өглөө үйл ажиллагааг нээх аж.
Эх сурвалжийн мэдээлснээр 37 настай эмэгтэй нь Хан-Уул дүүргийн "Буянт-Ухаа-2" хороололд оршин суудаг аж.
Үүнээс гадна Төмөр замын нэгдсэн эмнэлэгт коронавирусний халдвартай нэг иргэнийг илрүүлжээ. Тодруулбал Баянгол дүүргийн 3-р хороонд амьдардаг 53 настай эрэгтэй халуурч тус эмнэлэгт хандсан бөгөөд шинжилгээ хийхэд коронавирусний халдвартай болох нь тогтоогдсон байна. Тэрбээр Төмөр замын байгууллагад ажилладаг ба халуурсны улмаас хэд хэдэн эмийн сангаар үйлчлүүлээд өчигдөр орой Төмөр замын эмнэлэгт хандсан гэх мэдээлэл ирлээ.
Одоогоор Төмөр замын эмнэлэгт хөл хорио тогтоон, үзлэг шалгалт явуулж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа юм байна.
Дээрх хоёр тохиолдол нь ЭМЯ-наас зарласан өчигдөр оройн 17 цагаас хойш нийслэлд батлагдсан 15 тохиолдолд багтаж байгаа юм.