Дархан-Уул аймагт төмөр зам дагасан халдварын голомтыг хумиж чадлаа.
Төмөр замын салбарт ажиллаж байгаа бүх иргэдээ шинжилгээнд хамруулж, ойрын болон хоёрдугаар хавьтал болсон иргэдээ хяналтдаа оруулсан тул өнөөдөр өглөө (2020.11.21) 06.00 цагаас эхлэн тэг зогсолтыг цуцлах шийдвэрийг өчигдөр орой Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос гаргасан.
Дархан-Уул аймгийн Онцгой комисс, Засаг даргын Тамгын газраас өнөөдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 1 хүртэл өдрийн орлогоороо амьдардаг 7000 гаруй (аймгийн 30%) өрхийг хүнсээр хангана гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдэгдээд байна.
Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 2020.11.20-ны оройн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
1. ''0" зогсолтыг 2020.11.21-ний өглөөний 06:00 цагт цуцална. Гэсэн хэдий ч бүх нийтийн хөл хорио арванхоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.
2. 18 хүртэлх насны хүүхэд нийгмийн харилцаанд огт оролцохгүй.
3. Үйл ажиллагаа явуулах ААНБ-ууд ажилтнууддаа 100% шинжилгээнд хамруулж, ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийнэ.
4. Дотуур байранд байгаа оюутнууд арванхоёрдугаар сарын 1 хүртэл байрандаа тусгаарлагдсан хэвээр байна. Аймаг орон нутгаас хүнсний хангамжийг шийдвэрлэнэ.
5. Сум хооронд хөдөлгөөн хийхгүй. Сумд руу орох гарах хөдөлгөөн хаалттай хэвээр байна.
6. Дархан хотыг дөрвөн үндсэн блокт хувааж, хязгаарлана. Бусад блокруу зорчих хөдөлгөөн хийхгүй. Зөвхөн өөрийн оршин сууж буй бүсдээ нийгмийн харилцаанд орно. Халдвар ахиад гарвал блок тус бүрээр 0 зогсолт хийнэ.
7. Хүнсний дэлгүүрүүд, томоохон худалдааны төвүүд 11:00-18:00 цаг хүртэл ажиллана. Хүнсний дэлгүүрийн худалдагчид бүгд шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Мөн өдөр бүр ариутгал хийж дэлгүүрт 2-3 хүн ажиллана. Нэг хүн нь гадна зогсож, хүн хоорондын зайг 1.5 метр байлгана.
8. Ингэж ажиллаж чадахгүй дэлгүүрийг ажиллуулахгүй. Зорилтот бүлэгт 5 өдрийн хоол хүнс олгоно.
9. Эмийн сангуудаас захиалгаар эм авна.
10. Хүнсний үйлдвэрүүдийн бүх ажилчид шинжилгээнд хамрагдсаны дараа үйл ажиллагаа явуулна гэх зэрэг тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
Дөрвөн бүс:
2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цагийн байдлаар Дархан-Уул аймагт батлагдсан коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 16-д хүрсэн байгаа билээ.