Орхон аймагт үүссэн голомтод халдварын тохиолдлууд нэмэгдэж буй учраас хүнсний худалдаа онлайн хэлбэрт шилжиж байна гэж тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Шийдвэрийн хүрээнд 56 аж ахуйн нэгжийг сонгож, 80 тээврийн хэрэгслээр хүнсний түгээлт хийх аж. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, нөөцөлсөн аж ахуйн нэгжүүдийг шийдвэрийн хүрээнд иргэдэд хүнсээр үйлчлэх 56 аж ахуйн нэгжүүдтэй холбох юм байна. Нэг ёсондоо үйлчилгээ үзүүлэхээр зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулж болох зохицуулалтыг хийжээ.
Цар тахлын тархалтыг хумихын тулд аль болох контактуудыг багасгах хүрээнд уг шийдвэр гарч байгааг иргэд, аж ахуйн нэгжүүд зөвөөр ойлгож хүлээж авахыг хүсье гэлээ.
Хүнсний бүтээгдэхүүн онлайнаар захиалах гар утасны аппликейшнийг өнөөдөр танилцуулах бөгөөд хүнсний дэлгүүрүүд өнөөдөр 22:00 цаг хүртэл ажиллах аж.
Орхон аймаг өнөөдрийн байдлаар:
Аймгийн хэмжээнд хүнсний хомсдолд орохгүй, гаднаас хүнс татах, нөөцлөх ажлууд хийгдэж байна гэдгийг мэдээллийн үеэр онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд түлээний модны нийлүүлэлт хангалттай байгаа бөгөөд тасалдал үүсвэл Шарын голын нүүрсийг нийлүүлэх бэлтгэл ажил хангагдсан гэв.
Өмнө нь хүргэсэн мэдээллийг сануулахад, өчигдрийн 17:00 цагаас хойш Орхон аймагт коронавирусний 3 тохиолдол нэмэгдсэн. Халдвар авсан иргэдийн ойрын хавьтал болох 383 хүнийг хяналтад авсан. Сүүлд батлагдсан 3 тохиолдлын ойрын хавьтагч болох 76 хүнийг хяналтанд авчээ. Харин 1,2 хавьтал болох 141 хүнийг тусгаарлаад буй аж.
Нийтдээ 4582 хүний сорьцонд шинжилгээ хийснээс, 655 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын 901 сорьцод шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Цаашид тус үйлдвэрийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилнэ. Үйлдвэрийн үйл ажиллагаа ээлжээр хэвийн явагдаж байгаа гэлээ.
Сүүлийн байдлаар нэмж батлагдсан 3 тохиолдол өмнөх 13 тохиолдлын ойрын хавьтууд аж.