Нийслэлийн Онцгой комисс өчигдөр (2020.11.20) хуралдсан.
Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар эмнэлгийн тусламж үйлчилгээ авах болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй үйлчлэх, замын хөдөлгөөнд оролцуулах чиглэлийг цагдаагийн алба хаагчдад өгчээ.
Тэрбээр "Амьдрал бол баян. Яаралтай эмнэлэгт үзүүлэх гэж байгаа хүмүүст уян хатан ханд. Бүх зүйлийг захиргаадалтаар шийдэж болохгүй. Өвчтэй зовлонтой хүмүүсийг ойлгож, хүндэтгэж харьцах ёстой" хэмээжээ.
Хот руу нэвтрэх товчоодод хорт хавдартай болон эмнэлэгт зайлшгүй хүргэх өвчтэй хүмүүс ирсэн ч нэвтрүүлэхээс татгалзсан, саатуулсан зэрэг гомдол, шүүмжлэл нийгмийн сүлжээнд гараад байсан. Харин УОК-ийн Шуурхай штабаас дээрх иргэдийг эмнэлэгт хүргэн ажилласан талаар мэдэгдэж байгаа юм.
Хэрэв тухайн иргэдэд энэ төрлийн хүндрэл бэрхшээл тулгарвал саадгүй оруулах, тусламж үзүүлэхийг УОК болон НОК-оос чиглэл болгон ажиллаж байна.