Хөл хорио тогтоогоогүй бол өвчлөл 4-5 дахин ӨНДӨР байх магадлалтай

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 11:00 цагаас хойш дөрвөөр нэмэгдэж, нийт тохиолдол 582 боллоо. (2020.11.21-ний 17.00 цагийн байдлаар).

Монгол Улс дотооддоо халдвар алдсан өдрөөс эхлэн хатуу хөл хорионы арга хэмжээ авсны үр дүнд өвчлөлийг тодорхой хэмжээнд барьж чадаж буйг ЭМЯ мэдээлэлдээ онцоллоо.

Шинэ Зеланд, Австрали, БНХАУ гэхчлэн дэлхийн улс орнууд хатуу хөл хориог 2-3 сар, 3-аас дээш сараар тогтоосноор цар тахлын тархалтыг хумьж чадсан.

Тиймээс Монгол Улс 14 хоногийн хугацаагаар хатуу хөл хорио тогтоосон энэ үед иргэд эрүүл мэндийн байгууллагаас өгч буй халдвар, хамгааллын зөвлөмж, дэглэмийг сайтар дагаж хэрэгжүүлэх хэрэгтэй.

Хэрэв манай улс хатуу хөл хорионы арга хэмжээ аваагүй байсан бол өвчлөл одоо бүртгэгдэж байгаагаас 4-5 дахин өндөр байх магадлалтай байсан гэв. Иргэд дархлаагаа дэмжсэн хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатайг мөн санууллаа.

Ингээд нийтдээ өнөөдрийн хувьд 25 тохиолдол нэмэгдэж, дотоод дахь халдвар 146, нийт халдварын тоо 582 боллоо. Үүнээс 337 хүн эдгэрсэн ба эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад хоёр хүн байгаа бол 310 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусчээ. ХӨСҮТ-д одоогоор 238 иргэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал хүнд хоёр, хүндэвтэр  42, хөнгөн 194 хүн байна.

2020.11.21-ний 17:00 цагийн байдлаарх дотоодын халдварын тоо
 

  1. Улаанбаатарт - 38 
  2. Сэлэнгэ аймагт  - 58
  3. Дархан-Уул аймагт  - 16
  4. Говьсүмбэр аймагт - 1
  5. Орхон аймагт - 17
  6. Дорноговь аймагт - 16
     

 

Top