Нийтийн тээврийн үйлчилгээг цагийн хязгааргүй явуулах шийдвэрийг УОК, НОК-оос гаргажээ. Улаанбаатар хотын орлогч дарга Ж.Сандагсүрэн УОК-ийн хуралдаанд мэдээлэл хийлээ.
Нийтийн тээврийн үйлчилгээ болон хүнс, бараа хүргэлтийн тээвэр хийх асуудлыг шийдвэрлэхдээ олон улсын туршлагаар хатуу хөл хорионы үед авч хэрэгжүүлдэг арга хэмжээнүүдийг харсан гэдгийг тэрбээр хэллээ.
Ер нь бол хатуу хөл хорионы үед улс орнууд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарладаг. Монгол Улсын хувьд Засгийн газрын тогтоолд заасан 11 чиг үүргийн 13 төрлийн шалтгаантай иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байсан учраас тодорхой цагийн хязгаарлалтаар нийтийн тээврийн үйлчилгээ явагдсан.
Хэвийн үед өдөрт нийтийн тээврээр 500 мянган хүн үйлчлүүлж байсан. УОК-оос гаргасан шийдвэрийн хүрээнд нийтийн тээврээр 20-30 мянган иргэн үйлчлүүлнэ гэсэн тооцооллыг хийж байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар 50 мянган хүн үйлчлүүлж байна.
Өнөөдрийн нөхцөл байдлыг авч үзэхэд халдварын тархалтын голомтыг харьцангуй хяналтдаа авч байгаа учраас нийтийн тээврийн үйлчилгээг энгийн горимд шилжүүлж байна.
Ний нуугүй хэлэхэд хүнсний бараа бүтээгдэхүүний тээвэр хийдэг машин тээврийн хэрэгслийн тоо, дата хангалтгүй байдаг нь мэдэгдсэн. Өнгөрсөн өдрүүдэд хүнсний хүргэлтийн 5000 мянга гаруй машиныг бүртгэлжүүлж, QR кодтой болгож байна. Цаашид хүнсний жижиглэн худалдааны чиглэлийн 10 мянга гаруй автомашиныг бүртгэлжүүлж, QR кодтой болгоно гэв.