Д.Нарантуяа: III эмнэлгийг ариутгасан, хэвийн ажиллаж байгаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21


Улсын Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр (2020.11.21) хуралдсан. Гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн  дарга Ц.Ганзориг, нийслэлийн Засаг даргын орлогч, НОК-ын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа нар мэдээлэл хийв.

Энэ удаагийн УОК-ын хуралдаанаар онцгой нөхцөлд ажиллаж байгаа 11 салбарын 13 чиглэлийн ажилчид нийтийн тээврээр болон хувийн унаагаар зорчих эрх олгохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, нийтийн тээвэр цаашид өглөөний 06:00-22:00 цаг хүртэл үйлчлэхээр болжээ. Мөн цар тахлыг хумьж чадсан тохиолдолд энгийн горимд хэрхэн шилжих, хумьж чадаагүй тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар Онцгой комисс тодорхой төлөвлөгөө боловсруулж дуусчээ.


Хэвлэлийн бага хурлын дараа дээрх албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
 

-Зөвшөөрөгдсөн 13 салбар дээр түгээлтийн машин нэмэгдэнэ гэхээр нийт хэдэн автомашин хөдөлгөөнд оролцох тооцоо гарсан бэ?

-Зөвшөөрөгдсөн 5000 машинд QR код олгосон. Үүн дээр жижиг бизнес эрхэлдэг, өөрсдөө бараагаа татдаг 3000 машин, түгээлтийн 12-13 мянган машин. Дээр нь зайлшгүй явах шаардлага тулгарсан 20 мянган машин байна гэж тооцсон. Ингээд 90 хувийн хөдөлгөөнийг барина гэдэг зорилготой байгаа. Өдөрт 40 мянгаас дээшгүй машиныг хөдөлгөөнд оролцуулна гэж тооцож байна.

-Халдвар авсан нэг хүний эдгэрэх хугацаа хэд хоног байна вэ?

-Хамгийн их нь 68, хамгийн багадаа 14, дунджаар 28 хоног байгаа. 

-Уржигдар (2020.11.19) Улсын нэгдсэн III эмнэлэгт гаднаас үзүүлсэн иргэнээс халдвар илэрсэн тул таван эмчийг тусгаарласан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эмч нар халдвартай иргэнтэй хавьталд орсон л бол тусгаарлана. III эмнэлэгт тухайн иргэнийг орж ирэнгүүт шууд тусгаарлаад, ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тэнд ариутгал хийгдсэн учраас эмнэлэг хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа.

Top