Ц.ГАНЗОРИГ: Ойрын болон дам хавьтлуудыг бүрэн зураглаж дууслаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр (2020.11.21) хуралджээ. Гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн  дарга Ц.Ганзориг, нийслэлийн Засаг даргын орлогч, НОК-ын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа нар мэдээлэл хийв. Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга бөгөөд Улсын Онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэргэжлийн байгууллагууд халдвар авсан хүмүүсийн нэгдүгээр хавьтал болон дам хавьтлыг бүрэн зураглаж, халдварын тохиолдлуудын хүрээг тогтоосон болохыг онцолсон юм.


Улсын Онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг:

-Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг цаг үеийн асуудлаар хуралдлаа. Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хэрэгжилт,  цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. УОК-ын гаргаж буй шийдвэрүүд нь бүх нийтийн хөл хорио, мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүн зэрэг цаг үеийн нөхцөл байдалтай уялдан гарч байгаа. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн байгууллагууд нэгдүгээр хавьтал болон дам хавьтлыг бүрэн зураглаж чадсан гэж хэлж болно.

Онцгой комиссын шийдвэрээр Онцгой нөхцөлд ажиллаж байгаа 11 салбарын 13 чиглэлийн ажилчдад нийтийн тээвэр энгийн горимоор үйлчлэхээр боллоо. Мөн тэд хувийн авто машинаараа ажилдаа ирж очих нь нээлттэй болж байна. Өөрөөр хэлбэл нийтийн тээвэр энгийн горимоор буюу 06:00-22:00 цагт үйлчлэхээр боллоо. Хоёрдугаарт, хүнсний хангамжийн түгээлтийг 07:00 - 17:00 цагийн хооронд явуулахаар болсон. Үүнээс гадна цар тахлыг хумисан тохиолдолд энгийн горимд шилжих, хумьж чадахгүй бол шат дараатай энгийн горимд шилжих зэрэг асуудлыг хэлэлцэж, төлөвлөгөө гаргаж байна.

Дахин тодотгож хэлэхэд, дээрх шийдвэр бол хөл хориог султгаж байгаа хэрэг огт биш. Зөвхөн зөвшөөрсөн салбарын ажилтнууд, эмнэлгийн үйлчилгээ авах зайлшгүй шалтгаантай иргэд л нийтийн тээврээр, хувийн унаагаар 06:00-22:00 цагт зорчино. Биеийн байцаалт, эмнэлэгт цаг авсан /эрүүл мэндийн дэвтэр/ үндэслэж явуулна. Бусад иргэдийн хөл хөдөлгөөнийг хориглоно. Хүнс авах шаардлагатай бол гэрийн ойролцоо дэлгүүрээс л авахыг хүсч байна" гэсэн мэдээлэл өгсөн.

Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа:

-Хэрвээ хатуу хөл хорио тогтоогоогүй бол долоо хоногийн дараа 555, цаашлаад халдвар авах хүний тоо 2000 орчим болж өсөх хандлагатай байх тандалт хийсэн. Манай улсын хүн амын 4 хувь нь ямар нэгэн халдварт өвчнөөр өвдөх эрсдэлгүй гэсэн судалгаа гарсан. Ихэнх хувь нь өвдөх эрсдэлтэй гэсэн үг.  Батлагдсан тохиолдол болох 146 хүний ойрын хавьтал  700 хүнийг бүрэн шинжилгээнд хамруулу дууссан. Хоёр дахь хавьтлуудад шинжилгээ хийх ажил үргэлжилж байна. Одоо бид тандалтын зураглалтай болсон учраас хөл хориог тодорхой байдлаар багасгаж болно гэсэн зөвлөгөөг эрдэмтдийн зүгээс өгсөн” гэсэн мэдээлэл хүргэсэн.

Сануулахад, Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр мөн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн бага хурлын үеэр “Өнөөдрийн байдлаар нийслэл болон орон нутгийн голомтуудад хавьтал гэж үзэж судалсан хүний тоо  9540 болсон. Үүний 1135 ойрын хавьталд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн. Манай улсын хувьд ойрын хавьтлаас коронавирус илрэх байдал түгээмэл байна. Ойрын хавьтлуудыг тусгаарласан учраас тусгаарлалтад байгаа хүмүүсээс коронавирус илэрч байна. Энэ нь нийт хүмүүсийн дунд халдвар тархахаас сэргийлж ажилласны тодорхой үр дүн" гэж мэдээлсэн юм.
 

Top