Халдвар авсан иргэдийн ДУНДАЖ НАС 32 байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.22/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 22-ны өдөр нийт 1305 хүн шинжилгээ хийсэн байна. Өчигдрийн 17:00 цагаас хойш Монгол Улсад шинээр 26 иргэнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод хоёр тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо 40 боллоо. Сэлэнгэ аймагт 19 тохиолдол бүртгэгдэж, 77 тохиолдол боллоо. Дархан-Уул аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо 20-д хүрлээ.  Дорноговь аймагт нэг тохиолдол нэмж бүртгэгдэж, 17 тохиолдол болж байна. Манай улсын хувьд халдварын батлагдсан тохиолдол 608 боллоо" гэж ярилаа. 

Түүнчлэн "Нийт халдвар авсан иргэдийн 52 хувь нь шинж тэмдэггүй явж байна. Энэ нь өөрийгөө мэдэхгүй яваад байх эрсдэлтэй байна. Харин 19 хувь нь уушги, зүрхний архаг өвчинтэй байна. Ихэвчлэн хуурай ханиалгах хэлбэр 15.5 хувьд нь байна. Томуугийн улирал явж байгаа болохоор ханиад хүрсэн гэж андуурах явдал гарах вий. Үнэр, амт мэдрэхгүй болох шинж тэмдэг илэрвэл тайвширч болохгүй, эмнэлэгт хандах хэрэгтэй. Халдвар авсан иргэд 4-72 насныхан байна. 0-9 насны хүүхэд 6.5 хувь байна. Дундаж наслалт 32. Халдварын нууц үеийг 14 хоног гэж тогтоосон байдаг" гэх мэдээллийг өглөө. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

Top