Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.22/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 22-ны өдөр нийт 1305 хүн шинжилгээ хийсэн байна. Өчигдрийн 17:00 цагаас хойш Монгол Улсад шинээр 26 иргэнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод хоёр тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо 40 боллоо. Сэлэнгэ аймагт 19 тохиолдол бүртгэгдэж, 77 тохиолдол боллоо. Дархан-Уул аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо 20-д хүрлээ. Дорноговь аймагт нэг тохиолдол нэмж бүртгэгдэж, 17 тохиолдол болж байна. Манай улсын хувьд халдварын батлагдсан тохиолдол 608 боллоо" гэж ярилаа.
Түүнчлэн "Гэр бүлийн анхны тохиолдол бүртгэгдсэн голомтод ойрын хавьтлын 443 хүнийг илрүүлсэн. Үүнээс 33 хүнд нь халдвар батлагдсан. Нэг хүн 7-8 хүнд халдвар тараах магадлалтай байна. Нийслэлд батлагдсан 40 тохиолдлын 6 нь төмөр замтай холбоотой. Алтанбулаг өртөөнөөс эхлээд Замын-Үүд хүртэл 16 точка, төв суурин газрын өртөө бий. Энэ бүх өртөөний төлөөллийг оролцуулсан 150 гаруй хүний тэмцээн, уралдаан зохион байгуулж, дараа нь тэмдэглэсэн. Тэр тэмцээнд эхний халдвар авсан хүмүүс явж байсан учраас тэмцээнд орсон бүх хүн эрсдэлт бүлэг. Тиймээс энэ хүмүүсийг эрсдэлтэй гэж үзэж шинжилгээнд хамруулж байна. Төмөр зам дагуу таван аймаг, нийслэлээс эрсдэлт бүлгүүдийг илрүүлсэн. Нийтдээ 10 мянган орчим хавьтагчдыг илрүүлж өнөөдрийн 178 хүн батлагдсан. Аль болох хөл хорио тогтоож, бусад аймгууддаа гаргахгүй байхыг хичээх нь чухал байна" гэх мэдээллийг өгч байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ