Сэлэнгэ аймагт өчигдөр /2020.11.21/ 17:00 цагаас хойш коронавирусний халдвар авсан 19 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэдийн тоо 77-д хүрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.
Тэгвэл дөнгөж сая тус аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил "Цар тахлын голомт гэж үзэж байгаа Сүхбаатар, Алтанбулаг, Мандал, Баянгол, Сайхан сумын иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг эрчимтэй явуулж байна. Эдгээр сумын 19328 хүн эрт илрүүлэхийн оношилгоонд хамрагдаад байна" хэмээнт тодотголоо.
Түүнчлэн тус аймаг 16 ажиглалтын тусгаарлалтын байрыг бий болгож, 252 иргэнийг тусгаарлаад байгаа аж. Эдгээр иргэнд 12 эмч, эмнэлгийн ажилтан хяналт тавьж ажиллаж байгаа юм байна. Үүнээс гадна өнгөрсөн шөнө онош нь батлагдсан 19, сэжигтэй хоёр тохиолдлыг ХӨСҮТ-д хүргүүлж байгаа талаар мэдээллээ.