Азийн хөгжлийн банк хөгжиж буй гишүүн орнууддаа КОВИД-19-ийн вакцин авахад нь дэмжлэг үзүүлэх 20 сая ам.долларын техникийн туслалцааг баталжээ. Тодруулбал, коронавируст халдварын вакцинд хамрагдах боломжийг хөгжиж буй гишүүн орнууддаа бүрдүүлэх, вакциныг тэгш, үр ашигтай түгээх тогтолцоог бий болгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 20.3 сая ам.долларын техникийн туслалцааг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тус байгууллагын хөгжиж буй гишүүн орнууд вакциныг аюулгүй бөгөөд үр дүнтэйгээр худалдан авах, нэвтрүүлэх, хэрэглээнд гаргах, дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хяналт тавих чиглэлээр үндэсний бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах, мөн вакцинтай холбоотой эрүүл мэндийн тогтолцоонд үнэлгээ хийхдээ энэхүү санхүүжилтийг ашиглах боломжтойг хэвлэлийн мэдээнд бичсэн байна.
Түүнчлэн гишүүн орнуудын вакцины хүйтэн хэлхээ, ложистик, халдвар хамгаалал, эрүүл мэндийн ажилтнуудын хангамж, ур чадвар, эрсдэлийн харилцаа холбоо, бодит цагийн мэдээлэл цуглуулах горим болон хяналтын тогтолцоо зэргийг үнэлэх, тэдгээрийг бэхжүүлэхэд энэхүү санхүүжилт дэмжлэг үзүүлнэ. Цаашлаад энэхүү техникийн туслалцаа нь хүйтэн хэлхээ, вакцин мөшгөх тогтолцооны шинэлэг технологийг тодорхойлж, хэрэглээг дэлгэрүүлэхэд туслах аж.
АХБ-ны Тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Вүүчон Ум “Ази, Номхон далайн бүс нутаг КОВИД-19-ийн тархалтыг хязгаарлах чиглэлээр жигд сайн ажилласан. Аюулгүй, үр дүнтэй бөгөөд тэгш хүртээмжтэй байдлаар иргэдээ вакцинжуулах боломжийг бүрдүүлэх нь энэ вирустэй тэмцэх дараагийн алхам юм. Энэхүү буцалтгүй тусламжийн нэмэлт эх үүсвэрийг баталснаар АХБ хөгжиж буй гишүүн орнуудынхаа вакцинд үр дүнтэй, эрх тэгш хамрагдахад чиглэсэн яаралтай арга хэмжээ, үүний дотор вакцины тогтолцоог үнэлэх, вакцинжуулах стратеги боловсруулах зэрэгт нэн даруй дэмжлэг үзүүлэх боломжтой болж байна” гэжээ.
АХБ энэхүү техникийн туслалцааг НҮБ-ын Хүүхдийн сан болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зэрэг түншүүдтэйгээ хамтран, КОВАКС, Гави Вакцины холбоо, Дэлхийн Банк болон хоёр талт агентлагуудын үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Санхүүжилтийн 20 сая ам.долларыг АХБ-ны Техникийн туслалцааны тусгай сангийн эх үүсвэрээс гаргах бол 300,000 ам.долларыг Японы Засгийн газрын санхүүжилттэй Өндөр түвшний технологийн сангийн эх үүсвэрээс олгох аж.
АХБ-наас энэ оны дөрөвдүгээр сард хөгжиж буй гишүүн орнуудынхаа КОВИД-19-ийн эсрэг авч буй хариу арга хэмжээг дэмжих зорилгоор 20 тэрбум ам.долларын өргөтгөсөн санхүүжилтийн багцыг баталсан юм.