Дотооддоо халдвар алдаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр чамгүй хугацаа өнгөрч байна.
Ирэх сарын нэгэн хүртэл ийм байдалтай байх шийдвэртэй байгаа ч цаашид нөхцөл байдал хүндэрвэл Онцгой байдал ч зарлаж магадгүйг төр засгийн удирдлагууд нэг биш удаа сануулан хэлж байгаа. Одоогоор өглөө 07:00-10:00 цаг, орой 17:00-20:00 цагаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг бүрэн хориглож хатуу хөл хорио үргэлжилж байгаа юм. Гэвч энэ цагуудад зайлшгүй шаардлагатай иргэд, ажиллаж байгаа байгууллагын ажилтнуудыг л хөдөлгөөнд оролцуулж байгаа болохоос биш хэн дуртай гадуур явахгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Учир нь дээрх цагуудад бүх хүн гадуур явж болно гэсэн ойлголт иргэдийн дунд байгаа учраас хөдөлгөөний ачаалал огцом ихсэж байгааг хамгаалалтад гарч байгаа цагдаагийн алба хаагчид хэлж байсан. Хөдөлгөөн бүрэн хориотой үед эмнэлгийн түргэн тусламжийн машин, сайжруулсан түлш тээврийн машинаас бусад тээврийн хэрэгслийг хотын төв рүү оруулахгүй байгаа аж. Гэхдээ нийтийн тээврийг ердийн горимд шилжүүлсэн.
Харин өвдөлт өгсөн жирэмсэн эх, эмнэлгийн тогтмол хяналтад байдаг зэрэг зайлшгүй шалтгаантай иргэдийг цааш нь мэдэгдэж, зөвшөөрөл авсны дагуу хөдөлгөөнд оролцуулж байгаа гэж хамгаалалтад гарч байгаа цагдаа хэлж байв. Замын цагдаагийн алба хаагчид 24 цагаар, гурван ээлжээр замын хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байгаа аж. Нэр бүхий 13 салбарын ажилчдыг зөвшөөрөгдсөн цагуудад ажлын үнэмлэхийг нь шалган хөдөлгөөнд оролцуулж байгаа ч худлаа, үнэн шалтаг хэлж цагдаагийн шаардлагыг эсэргүүцэн хүндрэл үзүүлэх тохиолдол буурахгүй байгаа гэнэ. Хүүхдийнхээ эрүүл мэндийн дэвтрийг нь авч яваагүй мөртлөө “Вакцин хийлгэнэ” гээд түгжрэл үүсгээд, хэл амаар доромжлоод зогсоод байсан тохиолдолч гарчээ. Тиймээс шаардлагагүй бол гэрээсээ гаралгүй, зайлшгүй явах ёстой шалтгаанаа нотлох бичиг баримтыг биедээ авч яван, хүнд хэцүү цаг үед бусаддаа саад болохгүй байхыг Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч Б.Далайцэрэн хэлж байсан юм. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, бидний нэрлэдгээр “Цагаадгийн 805”-ын арын гэр хорооллоос орж ирдэг зам дээр цагдаагийн алба хаагч хамгаалалтад гарсан байсан. Бид түүнтэй тодорхой зайнаас харилцаж, хэсэг хугацаанд хамт зогсоход автомашин болон явганаар хөдөлгөөнд оролцогчийн цуваа тасарсангүй.
Амны хаалт, бээлийгээр “зэвсэглэсэн” бид хөл хорионы үед иргэдийн худалдан авалт хэр байгаа талаар тодруулахаар БЗД-ийн дөрөвдүгэр хорооны гэр хорооллын хэдэн дэлгүүрээр орсон. Дэлгүүрийн эздийн хэлж байгаагаар хэдхэн хоногийн дотор худалдан авалт огцом буурсан нь хөл хориотой холбоотой гэнэ. Хүмүүс гэр орноосоо тэр бүр гарахгүй байхыг бодож байгаагаас гадна бэлэн мөнгөний хомсдолд орсон нь нөлөөлж байгаа аж. Ойрын өдрүүдэд зээлээр хүнсний бүтээгдэхүүн авахаар орж ирэх нь их болсон ч сайн таньдаг л биш бол өгөхгүй байгаа гэдгээ учирлаж байлаа. Гэр хорооллын жижиг дэлгүүрт дөрвөн ширхэг адууны хомоолыг уутанд хийгээд зуун төгрөгөөр зарж байгааг ойр хавийн хүмүүс нь худалдан авах нь сайн байгаа гэнэ. Хүнд хэцүү цаг үе ирэхэд хүн гэгч амьтны сүсэг бишрэл нэмэгддэгийн нэг илрэл гэлтэй. Сайн гэсэн бүхнийг хэрэглэж үзэхээс өөрөөр яалтай ч билээ. Харин түгээлтийн машинуудыг явуулах цагийн хуваарийг эцэслэн шийдэж өгөөгүйгээс хүргэлт нь 2-3 хоног хүлээгдэж ирж байгааг гэр хорооллын дэлгүүрийн худалдагч нар хэлж байсан юм. Тэгвэл “Чингис” зочид буудлын арын “Е-Март” худалдааны төв үйлчлүүлэгчдийнхээ халууныг хэмжиж, гарыг нь ариутган дотогш нь нэвтрүүлж байна. Орой ажил тараад орсон болоод ч тэр үү хүмүүсийн хөл хөдөлгөөн их аж. Ихэнх нь том тэрэг түрэн хүнс, ариун цэврийн бүтээгдэхүүнийг чадлынхаа хэрээр овоолжээ. Тус дэлгүүр хөл хориотой холбоотойгоор 19:00 цаг гээд хаалгаа барьж байгаа бөгөөд гарах хаалган дээрээ бусдад туслах зорилгоор хүмүүс хүнсний бүтээгдэхүүнээсээ илүүчлэн тавих тавиур бэлдсэн нь цаг үеэ мэдэрсэн сайхан үйл болсон байна. Тэнд байрлуулсан бүтээгдэхүүнээс нэн шаардлагатай хүмүүст өгдөг аж.
Ямартаа ч дэлхий нийтийг цочирдуулсан цар тахал дотоодод тархаж, халдвар авсан хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Гэвч Эрүүл мэндийн яамны зүгээс өгч байгаа мэдээллээр бол халдвартай хүмүүсийн тоо огцом нэмэгдэж байгаа нь халдварын голомтыг хумиж эхэлсний илрэл гэнэ. Тиймээс тун удахгүй байдал намжиж, амьдрал хэвийн байдалдаа орох байх. Харин энэ хэвээрээ байдал хэцүүдэж хүндэрвэл иргэдийн амьжиргаа улам л хүндрэх нь гарцаагүй. Цаашид байдал хүндэрвэл Засгийн газраас өрх бүрийн хаалганд хүрсэн бодлого явуулах зайлшгүй шаардлага үүсэж таарах биз ээ. Одоохоноо хөл хориотой, худалдан авалт багассан ч хүмүүс сэтгэл алдраагүй өдөр хоногууд үргэлжилж байна даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН