Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.11.23/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораторийн шинжилгээгээр өчигдөр 17.00 цагаас хойш коронавирусний 11 тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт халдварын тохиолдол 640 боллоо. Энэ 11 тохиолдол Улаанбаатарт илэрсэн байна. Шинжилгээгээр орон нутагт халдвар нэмж бүртгэгдээгүй байна.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Бид өнөөдрийн байдлаар 7787 хүнийг шинжилгээнд хамруулахаас гадна төмөр замын хэсэгт илрүүлэг хийх зорилгоор түргэвчилсэн тестийг 30 гаруй мянган хүнд хийсэн. Коронавирус илрээгүй. Цаашид хавьтал илрүүлэх, тандах ажил үргэлжилнэ. Зарим хүмүүс маршрутаа санахгүй байх, заримдаа албаар хэлэхгүй байх зэрэг асуудал үүсдэг. Түүнээс гадна хүн ардынхаа дунд өргөн хүрээтэй шинжилгээ хийж байгаа. Нийт 35 мянган хүнд шинжилгээ хийх багцалсан арга хэмжээг зохион байгуулж байна. Түрүүчээс нь халдвар илрэхгүй байгаа нь голомтоос бусад газар халдвар тархаагүй гэх итгэл бий болгож байна. Ямар ч үед томуугийн тандалтыг идэвхжүүлж байгаа. Дүүргийн нэгдсэн эмнэлэгт амьсгалын замын өвчлөлөөр хэвтсэн хүн бүрт коронавирусний шинжилгээ хийж байна. Одоогоор тандалтаас авсан сорьцод коронавирус илрээгүй. Томуу идэвхжсэн тул өрхийн эмнэлэгт тестийн шинжилгээ хийж байна. Аймгуудын байдал бол Говьсүмбэр, Дархан, Орхон хяналтандаа авч, ойрын хавьтал болсон хүмүүсээ тусгаарлан ажиллаж байна. ХӨСҮТ-ээс зургаан баг орон нутагт ажиллаж байгаа. Хөдөө явсан багт тагнуул, цагдаа давхар ажиллаж байгаа. Эхлэл нь зөв явж байгаа арга хэмжээг манай иргэд цаашид дэмжээрэй гэж хэлмээр байна. Үйлчилгээний газарт халдвар тархах эрсдэл өндөр байгаа учраас хүн хоорондын зай барих, УОК-оос гаргаж буй шийдвэрийг даган биелүүлээрэй.
2020.11.23-ны 11:00 цагийн байдлаар
Нийт халдварын тохиолдол - 640
Дотоодын халдварын тоо - 204