Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ (2020.11.23, 11.00 цаг).
Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораторийн шинжилгээгээр өчигдөр 17.00 цагаас хойш коронавирусний 11 тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт халдварын тохиолдол 640 боллоо. Энэ 11 тохиолдол Улаанбаатарт илэрсэн байна. Шинжилгээгээр орон нутагт халдвар нэмж бүртгэгдээгүй.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр дүгээр сарын 22-нд улсын хэмжээн дэх лабораториудад 3011 хүнд PCR шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймагт өчигдрийн 17:00 цагаас хойш халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй, 20 тохиолдолтой хэвээр байгаа. Мөн Дорноговь, Орхон аймагт нэмж тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тус тус 17 тохиолдолтой байна. Говьсүмбэр аймагт шинээр халдвар нэмэгдээгүй, 1 тохиолдолтой байгаа. Сэлэнгэд нийт 98 тохиолдол хэвээр байна. Тус аймагт шинжилгээ, судалгаа үргэлжилж байна. Харин Улаанбаатар хотод 11 хүнд коронавирусний халдвар шинээр илэрлээ. Эдгээр нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүс байгаа. Гурван хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн. Бусад нь 20, 21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байлаа. Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг 24-48 цагийн дотор олж, тусгаарлаж байгаа. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал 883 хүнийг тусгаарлаж, үүнээс 39 хүнд гурав дахь давтан шинжилгээг хийгээд байна" гэсэн мэдээлэл өглөө.
Тэрбээр мөн "Улаанбаатарт илэрсэн 11 тохиолдлын хавьтлыг тусгаарласан. Батлагдсан тохиолдлууд бидэнд гэрийн хаяг, бусад мэдээллийг тодорхой хэлснээс болж гэр бүл рүү нь хүмүүс утасдах зэргээр хүний эрхэнд халдаж байна гэж гомдол мэдүүлдэг. Хавьтлуудын байрлалыг бид дүүргээр нь мэдээлж байгаа. Тухайн газруудад тэр бүрт нь хяналт тавьж байгаа. Төмөр зам, Сонгинохайрхан дүүргийн хавьтлаас энэ 11 тохиолдол илэрсэн. Энэ хүмүүсийг 20, 21-нд тусгаарласан байсан. Сэлэнгэ аймагт хоёр гол голомт байгаа. Аймгийн төв болон Мандал сум. Сэлэнгэ аймагт ялгаагүй маш нарийн хяналт тавьж байгаа.
Бид өнөөдрийн байдлаар 7787 хүнийг шинжилгээнд хамруулахаас гадна төмөр замын хэсэгт илрүүлэг хийх зорилгоор түргэвчилсэн тестийг 30 гаруй мянган хүнд хийсэн. Коронавирус илрээгүй. Цаашид хавьтал илрүүлэх, тандах ажил үргэлжилнэ. Зарим хүмүүс маршрутаа санахгүй байх, заримдаа албаар хэлэхгүй байх зэрэг асуудал үүсдэг. Түүнээс гадна хүн ардынхаа дунд өргөн хүрээтэй шинжилгээ хийж байгаа. Нийт 35 мянган хүнд шинжилгээ хийх багцалсан арга хэмжээг зохион байгуулж байна. Түрүүчээс нь халдвар илрэхгүй байгаа нь голомтоос бусад газар халдвар тархаагүй гэх итгэл бий болгож байна. Ямар ч үед томуугийн тандалтыг идэвхжүүлж байгаа. Дүүргийн нэгдсэн эмнэлэгт амьсгалын замын өвчлөлөөр хэвтсэн хүн бүрт коронавирусний шинжилгээ хийж байна. Одоогоор тандалтаас авсан сорьцод коронавирус илрээгүй. Томуу идэвхжсэн тул өрхийн эмнэлэгт тестийн шинжилгээ хийж байна. Аймгуудын байдал бол Говьсүмбэр, Дархан, Орхон хяналтандаа авч, ойрын хавьтал болсон хүмүүсээ тусгаарлан ажиллаж байна. ХӨСҮТ-ээс зургаан баг орон нутагт ажиллаж байгаа. Хөдөө явсан багт тагнуул, цагдаа давхар ажиллаж байгаа. Эхлэл нь зөв явж байгаа арга хэмжээг манай иргэд цаашид дэмжээрэй гэж хэлмээр байна. Үйлчилгээний газарт халдвар тархах эрсдэл өндөр байгаа учраас хүн хоорондын зай барих, УОК-оос гаргаж буй шийдвэрийг даган биелүүлээрэй" гэлээ.
2020.11.23-ны 11:00 цагийн байдлаар
Нийт халдварын тохиолдол - 640
Дотоодын халдварын тоо - 204
ШУУД ҮЗЭХ