Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.11.23/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораторийн шинжилгээгээр өчигдөр 17.00 цагаас хойш коронавирусний 11 тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт халдварын тохиолдол 640 боллоо. Энэ 11 тохиолдол Улаанбаатарт илэрсэн байна. Шинжилгээгээр орон нутагт халдвар нэмж бүртгэгдээгүй байна.
Хэвлэлийн хурлын үеэрх сэтгүүлчдийн тавьсан асуулт, албаны хүмүүсийн өгсөн хариултыг хүргэе.
МҮОНР, "Хурд" агентлаг: Коронавирусаар өвчлөөд эдгэсэн иргэн ханиах зориуртай байна. Мөн үнэрлэх, амтлах мэдрэмж хуучин хэвэндээ очихгүй байна. Яагаад тэр вэ?
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
-Эдгэрч гараад ханиах болон бусад эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байгаа бол манай ХӨСҮТ-д хандаарай. Магадгүй гараад өөр вирусээр өвчилсөн байх эрсдэлтэй. Давтан шинжилгээнд орно. Коронавирус шинэ вирус учраас дахин өвдөхгүй гэж хэлэхгүй. Дэлхий дахинд зарим нэг хүн эргэж өвдсөн тохиолдол бий. Тиймээс ямар нэг зовиур илэрч байгаа бол манай 80086829 гэсэн дугаараас зөвлөгөө аваарай.
-Өнгөрсөн хугацаанд эдгэрсэн 340 хүнтэй ямар харилцаатай байгаа вэ?
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
-Бид 340 хүнийг эдгээгээд гаргасан. Гаргахдаа бүрэн эдгэрсний дараа гурав хоног дараалан вирусний шинжилгээ хийгээд, дахиад 14 хоног сувиллын ажиглалтад байхад нь хоёр удаа шинжилгээ хийгээд, гэрт нь гаргасны дараа хоёр удаа шинжилгээ хийж байгаа. Ингээд дараа нь харьяа аймаг, дүүрэг Өрхийн эрүүл мэндийн төвд нь хүлээлгэн өгч байгаа. Тэр хүмүүс эргэх холбоотой ажиллаж, зарим нь давтан шинжилгээ өгөх зэргээр өөрийгөө хянаад явдаг. Одоогоор бидний гаргасан 340 хүнээс дахин вирус ялгаруулсан хүн байхгүй.
-Томуугийн вирус болон коронавирусний уушгинд нөлөөлөх ялгааг хэлж өгөхгүй юу?
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
-Олон улсын жишгээр коронавирусээр өвчлөөд тийм үлдэцтэй байна гэх судалгаа, шинжилгээ байхгүй. Өвчилсөн хүмүүсийн 70 хувь нь шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр өвчилж байгаа. Уушгины хүндэрсэн хатгаа 10 хувь нь өвчилж байгаа тул бүрэн эдгэрсний дараа гаргаж байгаа. Эмнэлзүйн шинж тэмдэг бүрэн арилгах, биохимийн болон рентген шинжилгээ гэх мэт бүх төрлийн шинжилгээг хийгээд, гаргаж байгаа. Одоо хэвтэж байгаа хүмүүсийн 50 хувь нь шинж тэмдэггүй, 10 хувь нь хүнд, хүндэвтэр байгаа.