Б.Баярдаваа: Эдийн засгийн төсөөллийг -5.4 хувь болгон БУУРУУЛЛАА

2020 оны 11 сарын 23

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос  /2020.11.23/  мэдэгдэл хийж байна. 

Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Бодлогын хүүг 2 нэгжээр бууруулж  6 хувьд хүргэх,  Заавал байлгах нөөцийн хэмжээг 2.5 хувиар буулгаж 6 хувьд хүргэхээр шийдвэрлэжээ. Мөн зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах зохицуулалтын шийдвэр хэрэгжих хугацааг 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл байхаар тус тус шийдвэрлэжээ.

Сануулахад, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өмнөх хуралдаанаа 2020 оны есдүгээр сарын 14-ний өдөр хийж, Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 8 хувьд хүргэх; Урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гаргасан юм. 

Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа энэ оны эдийн засгийн төсөөллийг өмнөх төсөөлөл болох -2.6 хувиас -5.4 хувь болгон өөрчилснийг хэллээ.

Өмнөх тооцоо судалгаа төсөөллийг хийх үед цар тахалтай холбоотой эрсдэл харьцангуй тодорхой бус, гадаад талдаа  байсан. Дотоодод халдвар тархаагүй байсан. Тиймээс дөрөвдүгээр улиралд эдийн засаг 4 хувь, 2021 онд 8 хувийн өсөлттэй гарахаар төсөөлж байсан. Цар тахал дотоодод тархаж, эдийн засгийн идэвхжил сөрөг нөхцөл байдалд орж байгаа учраас оны сүүлээрх эдийн засгийн төсөөллийг -5.4 хувь болгож байна.

Худалдаа, үйлчилгээний салбарууд бууралттай байх төсөөлөл байгаагийн сацуу уул уурхайн салбар  хүлээлтээс буурсан нь эдийн засгийн төсөөллийг буурууллаа. Инфляцын хүлээлт өмнөх төсөөллөөс 1-2 пунктээр бага байх тооцоололтой байна. Ирэх жилийн эдийн засгийн төсөөлөл мөн урьдчилсан таамгаар 2 хувиар буурах магадлалтай гэв.

ШУУД ҮЗЭХ 

 

 

Top