Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар коронавирусний нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна.
Хэлэлцсэн асуудлаар Шадар сайд Я.Содбаатар танилцуулга хийлээ.
Тэрбээр "Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумын иргэдийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөж, одоо 70 хувийг хамруулаад байна. Дарханд бол голомтолж гараагүй. Гэхдээ тэг зогсолт хийж, арга хэмжээ авснаар 20 мянга гаруй хүнээс шинжилгээ аваад байна. Нийт 28 мянган өрхтэй.
Орхон аймаг хяналтад байна. Орхон аймагт төмөр зам дагасан 17 тохиолдол бүртгэгдсэн. "Эрдэнэт" үйлдвэрийн 6000 гаруй хүнд PCR шинжилгээ хийсэн. Ямар нэг халдвар илрээгүй.
Замын-Үүдэд хоёр дахь PCR аппаратыг суурилуулах гэж байна. Өмнөговьд халдвар гараагүй ч тэнд байгаа 6000 гаруй жолооч нарыг шинжилгээнд хамруулах PCR аппарат суурилуулж байна. Цаана байгаа Шивээхүрэнгийн жолооч нарыг ч шинжилгээнд хамруулна.
Нийт 2 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл суурилуулж байгаа.
Арваннэгдүгээр сарын 14-22-ны өдрүүдэд 400 гаруй тонн мах худалдаалсан. Ингээд нийслэлд нөөцийн махны худалдааг зогсоосон. Дархан, Сэлэнгэд 360 тонн нөөцийн мах худалдаалж эхэлсэн.
Өнөөдрөөс 20 мянган иргэний банкны картыг гэрт нь хүргэж эхэллээ.
Төмөр замын нийт бүрэлдэхүүний 90 гаруй хувийг түргэвчилсэн оношлуурт хамруулсан. Сэжигтэй тохиолдлыг PCR шинжилгээнд хамруулж байна. Цагааннуур боомт долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт ажиллана" гэлээ.