Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Цар тахлын үед зохицуулалтын салбарын санхүүгийн зах зээл дээр хийж, хэрэгжүүлж буй ажлууд”-ын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, УИХ-аас баталсан Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн Засгийн газрын 183 тоот тогтоол батлагдаж, банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, Хадгаламж зээлийн хоршоо /XЗХ/-ны зээлийн үйл ажиллагаатай холбоотой иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээлийн дарамт үүсгэхгүй, төлбөрийн чадварт нь нийцсэн байдлаар зээлийн төлбөрийг сунгах чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой авч хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Хорооны 2020 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 3/4654 тоот албан бичгээр зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй нийт 495 ББСБ руу тогтоол гарсантай холбогдуулан зээлийг 2020 оны долоодугаар сарын 1 хүртэл зээлийг хойшлуулах, зээлийн бүтцэд өөрчлөлт оруулж ажиллахыг чиглэл болгосон.
Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу нэмэгдүүлсэн хүү, алданги зэргийг бодохгүй, одоогийн байдлаар цахим хэлбэрээр, утсаар холбогдож зээлийн гэрээг сунгах хүсэлтийг авч байгаагаа тус тус мэдэгдсэн.
Нийт хөрөнгийн хэмжээгээр эхний 20-д орох Хадгаламж зээлийн хоршоотой холбогдож, дээрх чиглэлээр тодорхой үүрэг өгсөн. Эдгээр 20 Хадгаламж зээлийн хоршоо нь салбарын нийт зээлийн 81 хувийг эзэлж, зээлдэгч гишүүдийн 59 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд 7 нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байна. Хадгаламж зээлийн хоршоо тус бүрийн гишүүнчлэлийн хүрээ, байршил, эрхэлдэг үйл ажиллагаанаас хамааран нөхцөл байдал харилцан адилгүй байгаа ч нийт Хадгаламж зээлийн хоршоод Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д оруулсан өөрчлөлтийг мөрдөн ажиллаж, зээлийн үндсэн төлбөр, хүүг хойшлуулахаар гишүүдээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос өмнө хүргүүлж байсан шийдвэрийн дагуу нэмэгдүүлсэн хүү, алданги зэргийг авахгүй байгаа болно гэв.