Нэг өвчтөнийг эмчлэхэд нийт зардал 8 сая төгрөг болж байгаа гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 25

Коронавирусээр өвчилсөн иргэдийг эмчлэх зардал 8 сая төгрөг болж байна гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн. Үүнийг хэвлэлийнхэн, олон нийт зөвхөн эмийн эмчилгээний зардал гэж ойлгож болохгүй гэж Эрүүл мэндийн яамнаас тайлбарлалаа. 8 сая төгрөгийн зардал нь нэг өвчтөнийг эмчилж, эдгээхэд зарцуулагдаж байгаа нийт өртөг гэв.

Өмнө нь коронавирусний халдвар авсан өвчтөний эмчилгээний зардлын талаар мэдээлэхдээ дан эмэн эмчилгээний зардлыг тухайлан ярьж байсан. Эмчилгээнд зарцуулагдаж буй нийт өртөг зардал гэдэг бол өөр.

Өвчтөний эрүүл мэндийн байдлаас хамааран зарим нь 260 мянган төгрөгийн эм ууж байхад, 300 мянга, 800 мянган төгрөгийн эм шаардагдаж буй иргэн ч байгаа. 8 сая төгрөгийн зардлын тухайд нэг хүнээс PCR шинжилгээг 4-5 удаа авч байна.

Тэр болгонд лабораторийн оношлогооны зардал гарч  байна. Нэг өвчтөнийг эмчлэхэд эмч, мэргэжилтний баг солигдож байгаа. Эмч, сувилагч нар тухайн өвчтөн дээр орох болгондоо хамгаалах хувцас хэрэглэлээ сольж байгаа. Эмч, мэргэжилтнүүдийн баг солигдож, тусгаарлах байранд байх хугацаанд хоол, хүнс бусад зүйлсийн зардлууд гарч байна. Тэдгээр бүх өртөг зардлыг нэгтгэн тооцож найман сая төгрөг гэж хэлж байгаа шүү гэв.

Top