ОЛОН ӨНГӨ: Иргэд мэдээллийн бодит эх сурвалжид хандаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 26

Нийтийг хамруулсан хөл хорио олон зүйлийг дэг журманд нь оруулж байна.

Жишээлэхэд, иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын үед хүссэн нь дур зоргоороо бурж байдаг олон нийтийн сүлжээ бус хамгийн найдвартай эх сурвалж байдаг мэргэжлийн редакцын бэлтгэсэн мэдээ мэдээллийг унших хандлага нэмэгдэж байгааг анзаарсан уу.

Хөл хорио тогтоосноос хойш үйл ажиллагаа нь тогтворжсон сонин, сайтын мэргэжлийн сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээлэлд өгөх иргэдийн эргэх холбоо нэмэгдлээ. Өдөрт дор хаяж 3-4 хүн утсаар залгаж, тэнд тийм мэдээлэл гарсан байна, үнэн үү гэж лавлах жишээтэй.

Эсвэл тэр сайт дээр тэгж бичсэн байна, гэтэл танай сонин дээр ингэж нийтэлсэн байна хэмээн нягтлах маягтай.

Энэ мэтээр өмнө нь олон нийтийн сүлжээн дэх эх сурвалжгүй мэдээлэл төдийхнөөр мэдээллийн хэрэгцээгээ хангадаг байсан хүн өнөөгийн эмзэг үед бодит эх сурвалжийг эрэлхийлэх хандлагатай болдог юм байна. Өөрөөр хэлбэл, аль редакц мэдээ мэдээллээ чанартай бэлтгэж байна, тэнд олон нийтийн итгэл оршсоор байгааг энэ хандлага илтгэнэ. Мэдээж, хөл хориотой холбоотойгоор иргэдийн олон нийтийн сүлжээнд өнгөрүүлж буй цаг уртассан. Гэхдээ нийгмийн сүлжээнд худал мэдээлэл хаанаас хамгийн их гардаг вэ гэсэн асуулт тавихад иргэд хамгийн түрүүнд олон нийтийн сүлжээг л нэрлэж байна. Тэнд хамгийн их эргэлзээ оршиж байна гэсэн үг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top