Халдвар илэрсэн 20 иргэн өмнөх тохиолдлуудын ОЙРЫН ХАВЬТАЛ байжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 25

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоор цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Сэлэнгэ аймагт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хатуу хөл хорионы дэглэм хэвээр үргэлжилж байна.

Өчигдөр Улаанбаатарын зарим телевиз, сайтуудаар Сэлэнгэ аймаг 0 зогсолт хийсэн мэтээр аймгийн Онцгой комисс албан ёсны шийдвэр гаргаагүй байхад худал мэдээлэл явуулж иргэдийг маань төөрөгдүүлсэн байна. Иймээс иргэд та бүхэн хөл хорионы дэглэмийг чанд биелүүлж гэр, гэртээ байж, халдвар илрээд байгаа сумын иргэд өөрийн гэрийнхээ хамгийн ойрын бидний шинжилгээ авч байгаа цэгт очиж шинжилгээгээ өгч бидний ажилд тус болохыг анхааруулж байна.

Түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаагүй иргэд иргэнийхээ үүргийг биелүүлж, энэ онцгой цаг үед бидний ажлыг хүндрүүлэхгүй байх, шинжилгээнд хамрагдаагүй иргэдэд гэр бүлийн бусад гишүүд нь шаардлага тавьж, найз нөхөд нь шинжилгээгээ өгөхгүй байгааг холбогдох баг, суманд мэдэгдэж бидэнтэй хамтран ажиллана уу.

Сая УОК, ХӨСҮТ-ийн 11.00 цагийн мэдээллийг сонссон байх. Өнөөдрийн байдлаар 144 иргэнд корона вирус илэрч одоо эмчилгээнд ороод байна. Энэ тооноос та бүхэн харж байгаа байх. Аймгийн хэмжээнд нөхцөл байдал амаргүй хэвээр байна гэдгийг онцлон хэлье.

Шинээр илэрсэн 20 иргэн бүгд Сүхбаатар сумаас илэрсэн өмнөх тохиолдлуудын ойрын буюу 1 дүгээр хавьтал, түүний хүрээнд гараад байна. Иймээс л бид иргэдээ “Би эрүүл” гэж тайвширч болохгүй шинжилгээндээ хамрагд гээд байгаа юм.

Аймгийн хэмжээнд 18 ажиглалтын байранд 264 иргэн ажиглалтад байна.Нийт өвчлөлийг харахад томоохон хэд хэдэн голомт үүсч үүнээс Төмөр замын ажилчид болон гэр бүлээс нь үүдэлтэй голомт 50 хувийг эзэлж байна. Нийт батлагдсан тохиолдолын 62 хувь нь гэр бүлийн хавьталаас, 38 хувь нь илрүүлэг үзлэг оношлогоогоор илэрлээ. Тэдгээрийн ойрын хавьтал 1030 байна.

Сүхбаатар өртөөний төмөр зам дээр тусгай зориулалтын 2 галт тэргийг хөдлөхгүйгээр байрлуулж, төмөр замын ажилчдыг тусгаарлан үйл ажиллагааг нь явуулах саналыг УОК-д хүргүүлсэн.

Энэ хүнд цаг үед манай аймгийн иргэдээс эхлээд зарим аж ахуй нэгжүүд бидэнд урам дэм өгсөн сайхан захидал илгээх, Сэлэнгэчүүдийгээ хамгаалах үйлсдээ зарцуулаарай гээд хандив, тусламж өгөх явдал байна. Жишээлбэл: Болд төмөр Ерөө гол ХХК 200.0 сая төгрөгийг АОК-д өгсөн байна. Өөр маш олон иргэд, аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгө, бод, бог, шуудай гурил, шуудай төмс гэх мэтээр байгаа байгаагаараа дэмжиж байгаад нийт Сэлэнгэчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархалаа илэрхийлье.

АОК-т хандив өгсөн иргэдээ цахим орчноор бусдад мэдээлж зарцуулалт, тайлан мэдээг нь тухай бүр мэдээлж ажиллана. Манай аймагт тулгамдаад байсан бас нэг хүндрэлтэй асуудал нь өөр аймаг, орон нутгуудаас самар түүх зорилготой ирж хорионд орсон иргэд байсан. Гадаа цас орж хоног хоногоор хүйтний эрч чангарч байгаа энэ үед тухайн сумандаа таних айл, орох газар байхгүй иргэдийг яаралтай гэрт нь буцаах ажлыг өчигдөрөөс эхлээд УОК-тай хамтран гарцыг нь олж буцааж эхлээд байна.

Мандал,Хүдэр,Ерөө,Бугантаас нийт вагоноор, болон авто замаар өчигдрийн байдлаар 1089 иргэнийг урьдчилсан шинжилгээнд хамруулаад буцааж эхлээд байна гэж СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС мэдээллээ. 

Top